ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА МОСКВА ХОТЫН “ДАЙЧДЫН ҮР САД” БАЙГУУЛЛАГЫН ТЭРГҮҮН, СОЁЛЫН АХМАД ЗҮТГЭЛТЭН В.Г.ДОНСКОЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Москва хотын “Дайчдын үр сад” байгууллагын тэргүүн, Москва хотын ахмад дайчдын хорооны гишүүн, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн гишүүн, соёлын ахмад зүтгэлтэн Виктор Гаврилович Донскойг өөрийнх нь хүсэлтийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав.

Уулзалтаар ахмад зүтгэлтэн В.Г.Донской Элчин сайдыг өөрийнх нь хүсэлтийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд өөрийн эцэгийн амьдрал, үйл ажиллагааны талаар ярив. В.Г.Донскойн эцэг 1938 оны Хасан нуурын мөргөлдөөн, 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайныг туулсан бөгөөд түүний шагнал, одон медалийг, талархлын хуудас зэргийг сонирхуулав.

Б.Дэлгэрмаа Японы милитаристуудын өдөөсөн дайнд ялалт байгуулахад Зөвлөлтийн дайчдын оруулсан үлэмж хувь нэмэрийг онцлоод 2019 онд Халхын голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх чиглэлээр хамтран ажиллах, тухайлбал, 2019 оны 4 дүгээр сарын сүүлээр буюу Ялалтын баярыг угтаж тус ЭСЯ-ны байранд Халхын голын дайн болон маршал Г.К.Жуковын амьдрал, үйл ажиллагаатай холбоотой үзэсгэлэн гаргахаар ажиллаж байгаа тухай ярьж, энэ үеэр түүний эцгийн эдэлж хэрэглэж явсан зүйлс, шагнал, одон медалийг үзмэр болгох саналыг тавив. Ахмад зүтгэлтэн В.Г.Донской Элчин сайдын саналыг талархан хүлээн авч, 2019 онд тэмдэглэн өнгөрүүлэх Халхын голын ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцох, эл ажлын хүрээнд ЭСЯ-аас зохион байгуулах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд ахмад зүтгэлтэн В.Г.Донской Халхын голын ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд эцэгийнхээ тулалдаж явсан газрууд, түүнчлэн өөрийн төрсөн газар Дорнод аймагт очиж үзэх хүсэлтэй байгаагаа Элчин сайдад уламжилсан болно.

 

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.