МОНГОЛ, ОРОСЫН 59 ДЭХ УДААГИЙН НАЙРАМДЛЫН САРЫН ХҮРЭЭНД ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ЦОМЫН ТӨЛӨӨХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛОВ

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 97 жилийн ой, Монгол, Оросын 59 дэх удаагийн найрамдлын сарын хүрээнд Москва хотноо суралцдаг нийт оюутан, залуусын дунд Элчин сайдын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнийг 2018 оны 10 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Москва хотын Ард түмнүүдийн найрамдлын их сургуулийн Спортын цогцолборт зохион байгууллаа.

Сагсан бөмбөгийн тэмцээний нээлтийн үйл ажиллагааг Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухаан ба хүмүүнлэгийн албаны дарга А.Амарсайхан нээж, нийт баг тамирчдад амжилт хүсэв.

Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж энэ удаагийн тэмцээнд Москва хотын 15 их, дээд сургуулийн эрэгтэй 16, эмэгтэй 6 багийн нийт 170 гаруй оюутан, залуус оролцож, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Элчин сайдын нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй төрөлд I байр – Оросын Тээврийн их сургуулийн “Гэрэгэ МИИТ”, II байр – Холбооны аюулгүй байдлын академийн “Эрч”, III байр – Тээврийн их сургуулийн “МИИТ 2”, эмэгтэй төрөлд I байр – ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Ардын аж ахуй, төрийн албаны академийн “Гэрэгэ Эрдэнэт”, II байр – Барилгын улсын их сургуулийн “Гэрэгэ МГСУ”, III байр – Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн “Ballerz Плеханов” багууд тус тус эзэлж, алт, мөнгө, хүрэл медаль болон өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Элчин сайд Б.Дэлгэрмаа сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй төрөлд нэгдүгээр байр эзэлсэн баг, тамирчдын шагналыг гардуулж, 2018 оны 11 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотноо зохион байгуулагдах Европ дахь Монголчуудын насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн 13 дахь удаагийн тэмцээнд ОХУ-д суралцаж буй оюутан, залуусаа төлөөлж алтан медаль авсан багийнхныг оролцоход ЭСЯ-наас дэмжлэг үзүүлэхийг мэдээлэв.

Түүнчлэн Монгол, Оросын найрамдлын сарын хүрээнд зохион байгуулдаг Элчин сайдын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээний удирдамжийн дагуу хоёр дахь жилдээ дараалан аваргалж буй Оросын тээврийн их сургуулийн “Гэрэгэ МИИТ” баг нь “Шилжин явах цом”-ыг үүрд хадгалахаар болов.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.