МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД 2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН 11-ЭЭС 14-НИЙ ХООРОНД ОХУ-ЫН МОСКВА ХОТОД АЖИЛЛАВ.

ОХУ-ын Москва хотноо Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Б.Жаргалсайхан, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Баярмагнай, Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ж.Мөнхжаргал, Орхон аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Г.Эрдэнэбаатар, Булган аймгийн прокурорын газрын орлогч прокурор Ж.Болорпүрэв, ЭСЯ-ны II нарийн бичгийн дарга Ц.Азбаяр нарыг ОХУ-ын Ерөнхий прокурор Ю.Я.Чайка, ОХУ-ын Ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч А.Э.Буксман, ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч, цэргийн ерөнхий прокурор В.Г.Петров зэрэг албаны хүмүүсийн хамтаар хүлээн авч уулзав.

Уулзалтаар ОХУ-ын Ерөнхий прокурор Ю.Я.Чайка урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд: “Монгол Улс, ОХУ нь 3400 км газар нутгаар хиллэдэг, хилийн ойр үзэсгэлэнт Байгал нуур оршдог, Сэлэнгэ гол нуурыг тэтгэж байдаг хамгийн чухал гол тиймээс хамтын хүчээр хүрээлэн буй орчныг хамгаалах нь бидний үүрэг” гээд Байгал нуурын сав газрын байгаль хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилт, Сэлэнгэ голын сав газрыг хамгаалахад хамтран ажиллах, хил орчмын бүсийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулж жилд нэгээс доошгүй удаа уулзаж байх талаар ярив.

Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан:”Экологи, хүрээлэн буй орчны асуудал аль нэг улсын асуудал байхаа болиод удаж байгаа ба байгаль орчныг хамгаалах нь олон улсын санааг зовоож буй асуудал болсныг” цохон тэмдэглээд Сэлэнгэ мөрний сав газарт үйлдэгдэж буй гэмт хэсэг, зөрчлийн талаар товч мэдээлэл өгч, хил орчмын бүсийн прокуроруудын байгууллагын хамтын ажиллагаа, прокурорын байгууллагын ажилтнуудыг бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд Байгаль хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр зохион байгуулж буй ОХУ-ын Прокурорын байгууллагын туршлагыг судлан үзнэ гэдгээ илэрхийлж уулзалт дулаан уур амьсгалд болж өндөрлөв.

Мөн Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид болон ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч А.Э.Буксман, Арктикийн байгаль болон хүрээлэн буй орчныг хамгаалах хуулийн хэрэгжилтэд хяналт тавих хэлтсийн прокурорууд оролцсон дугуй ширээний ярилцлага болж Монгол Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Б.Жаргалсайхан “Монгол Улс дахь хүрээлэн байгаа орчны нөхцөл байдал, түүний эсрэг гэмт хэрэг, зөрчил, цаашид анхаарах асуудал”-ын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Оросын тал ой мод, усан сангийн объектуудыг хамгаалах, газрын баялагийн хэрэглээ ба хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, амьтдын ертөнцийг хамгаалах, хэрэглээний хог хаягдал орчны бохирдолтой тэмцэх, байгаль хамгаалах зэрэг чиглэлээр илтгэл тавьж өөрийн үйл ажиллагааны онцлог, туршлагаас мэдээлэв.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.