МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН ХОЁР ТАЛЫН УУЛЗАЛТУУД ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Москва хотноо хийж буй ажлын айлчлалын үеэр ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новак, “Интер РАО – Экспорт” компаний Ерөнхий захирал М.Е.Сергеев, “РОТЕК” ХН-ийн ТУЗ-ийн дарга М.В.Лифшиц нартай хоёр талын албан уулзалт хийв. Уулзалтад монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир болон бусад төлөөлөгч дагалдан оролцов.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новак нар “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, хоёр орны эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны тодорхой төсөл, арга хэмжээ, тухайлбал, Эгийн гол, Шүрэнгийн усан цахилгаан станцын мега төсөл, Азийн нэгдсэн сүлжээ, Говьтек санаачилгын талаар мэдээлэл солилцов.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Интер РАО – Экспорт” компаний Ерөнхий захирал М.Е.Сергеев, “РОТЕК” ХН-ийн ТУЗ-ийн дарга М.В.Лифшиц нартай уулзах үеэр “ДЦС-3” ТӨХК-ий өргөтгөлийн төсөл, “ДЦС-4” ТӨХК-ий шинэчлэлийн төслийн ТЭЗҮ, төслийн санхүүжилтийн асуудлыг хөндөн ярилцав.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн ОХУ-д хийж буй ажлын айлчлал Монгол, Оросын 59 дэх удаагийн “Найрамдлын сар”-ын нээлтийн үеэр давхцаж буй нь онцлог юм.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, дагалдах төлөөлөгчид болон ОХУ-ын Засгийн газар, бизнесийн төлөөлөл Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаагийн урилгаар тус ЭСЯ-нд зохион байгуулагдсан “Найрамдлын сар”-ын нээлтийн хүлээн авалтад оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Оросын иргэн, ахмад дипломатч В.В.Кулаков, А.Д.Богословский нарыг “Алтангадас” одонгоор шагнасныг нээлтийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн шагнагдагсдад гардуулж, баяр хүргэв.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.