МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, УУЛ УУРХАЙ, ХҮНД, ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР ОХУ-Д АЙЛЧЛАВ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 9 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийв.

Тэрээр айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитин, “Роснефть” компаний гүйцэтгэх захирал И.И.Сечин нартай хоёр талын уулзалт хийж, Хар тэнгисийн Тамань далайн боомт дахь “Таманы нурмаг ачааны терминал” төслийн талбайтай танилцав.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитин нарын уулзалтын үеэр хоёр орны уул уурхай, хүнд үйлдвэр салбарын хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудлаар санал солилцож, Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх арга хэмжээний талаар ярилцав.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Роснефть” компаний гүйцэтгэх захирал И.И.Сечинтэй хийсэн уулзалтын үеэр газрын тос боловсруулах үйлдвэрлэл, газрын тос дамжуулах хоолой, хайгуулын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар хөндөн ярилцаж, хоёр талын хамтын ажиллагааны Ажлын хэсэг байгуулав.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид Хар тэнгисийн Тамань далайн боомт дахь “Таманы нурмаг ачааны терминал” төслийн талбайд зочилж, газрын тосны агуулах, ачилт, овоолгын станцууд, туузан дамнуургын барилга угсралтын ажилтай танилцав.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.