ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ЕВРАЗИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа 2018 оны 9 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Санкт-Петербург хотноо зохион байгуулагдаж буй Евразийн эмэгтэйчүүдийн хоёр дахь удаагийн чуулга уулзалтад ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар оролцож байна. Энэ удаагийн чуулга уулзалт НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 70 жилийн ой, Венийн тунхаглал батлагдсаны 25 жилийн ойтой тус тус давхцаж буйгаараа онцлог болж байна.

Чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан “Эмэгтэйчүүд даяаршлын аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөө” сэдэв дор, салбар хуралдаанууд “Эмэгтэйчүүд тэнцвэртэй эдийн засгийн хөгжлийн төлөө”, “Эмэгтэйчүүд нийгмийн хөгжил, дэвшлийн төлөө”, “Эмэгтэйчүүд дэлхийн эрүүл мэндийн стратегийн хөгжлийн төлөө”, “Эмэгтэйчүүд эрчим хүчний ирээдүйн төлөө” гэсэн сэдэв дор болон бусад нээлттэй хэлэлцүүлгүүд тус тус зохион байгуулагдана. Евразийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нээж үг хэлж, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко, Олон улсын парламентын хорооны Ерөнхийлөгч Габриэла Куэвас Баррон, Европын Зөвлөлийн Парламентын Ассамблейн дарга Лилиан Мори Паскье, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн орлогч дарга, “НҮБ Эмэгтэйчүүд” байгууллагын гүйцэтгэх захирал Фумзиле Млабо-Нгкука зэрэг улс төрийн болон олон улсын байгууллагын нэр, нөлөө бүхий эмэгтэйчүүд илтгэгчээр оролцож байна. Элчин сайд Б.Дэлгэрмаа “Эмэгтэй-дипломатчдын чуулган” хуралдаанд оролцож, олон улсын харилцаан дахь эмэгтэйчүүдийн оролцоо, үүрэг сэдвээр үг хэлнэ.

 

Чуулга уулзалтад 100 улсын 2000 гаруй төлөөлөгч оролцож жендерийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засаг, нийгэм зэрэг бүхий л харилцаанд тэгш эрхтэй оролцох, мөн дэлхийн олон улсын харилцаан дахь тулгамдсан асуудлуудад эмэгтэйчүүдийн оролцооны талаар дэлгэрэнгүй хэлэлцэхээр төлөвлөж байгаа ажээ. Евразийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үр дүнг тусгасан Төгсгөлийн баримт бичгийг батална

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.