МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОХУ-ЫН ЦЭРГИЙН ТӨВ АРХИВААР ЗОЧЛОВ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид болон Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, холбогдох албаны хүмүүсийн хамт ОХУ-ын Цэргийн төв архивт 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр зочлов.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинг ОХУ-ын Цэргийн төв архивын захирал В.П.Тарасов угтан хүлээн авч, уулзав.

Уулзалтаар ОХУ-ын Цэргийн төв архивын захирал В.П.Тарасов өөрийн архивын бүтэц, зохион байгуулалт, хадгалагдаж буй материалуудын талаар танилцуулж, 1939 оны Халх голын дайны талаарх баримтуудын талаар ярив.

Түүнчлэн тэрбээр Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын архивын салбарт хамтран ажиллах дэд комиссын үйл ажиллагаа идэвхтэй явагдаж байгаа, өнгөрсөн 25 жилийн хамтын ажиллагааны хугацаанд Монголын Архивын байгууллагатай хамтран олон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснийг цохон тэмдэглэв.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2019 онд Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан тус архивт хадгалагдаж байгаа архивын баримтуудыг ашиглан хамтарсан үзэсгэлэн гаргах, нийтлэл бичих, баримтат кино хийхэд ашиглах сонирхолтой байгааг илэрхийлэхэд оросын тал цаашид архивын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа тэмдэглэлт ойг хамтран өнгөрүүлэхэд Оросын түүхийн нийгэмлэгийн оролцоотойгоор ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын дараа Шадар сайд Ө.Энтүвшин дагалдаж яваа хүмүүсийн хамтаар ОХУ-ын Цэргийн төв архивын үйл ажиллагаа, архивын фонд зэрэгтэй танилцав.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.