МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОХУ-ЫН ТҮҮХИЙН НИЙГЭМЛЭГТ ЗОЧЛОВ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа нар 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр ОХУ-ын “Түүхийн нийгэмлэг”-д зочилж, тус нийгэмлэгийн тэргүүн С.Е.Нарышкин болон албаны бусад хүмүүстэй уулзаж ярилцав.

Монгол Улсын Засгийн газраас 2019 онд Халхын голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулан тус нийгэмлэгэтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин илэрхийлэв.

Уулзалтын үеэр нийгэмлэгийн тэргүүн С.Е. Нарышкин Халхын голын ялалтын 80 жилийн ой бол түүхэнд маш чухал ач холбогдол бүхий ой бөгөөд энэхүү ялалт нь манай хоёр орны ард түмний найрамдалт харилцаанд гол үүрэг гүйцэтгээд зогсохгүй дэлхийн 2-р дайны ялалтанд ч том нөлөө үзүүлсэн гэж үздэг. Тиймээс манай нийгэмлэгээс энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг бүхий л талаар дэмжин ажиллах болно хэмээн онцолж байв. Манай нийгэмлэг нь музей, номын сан, их дээд сургууль зэрэг улсын байгууллагууд болон эрдэмтэн, судлаач, нийгмийн зүтгэлтнүүдийг эгнээндээ багтаасан олон нийтийн байгууллага юм. Ирэх онд бидний ажлын тэргүүн чиглэлийн нэг нь Халхын голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажил байх болно гээд энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин Оросын архивт хадгалагдаж байгаа баримтад материалуудыг Халхын голын ялалтын 80 жилийн ойд зориулан хийгдэх баримтад кино, үзэсгэлэн болон хэвлэл мэдээлэлд ашиглах сонирхолтой байна гэв.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.