“РЕРИХ. СОХРАНЯЯ КУЛЬТУРУ” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛОВ

ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр Дорно дахины судлалын улсын музей, Рерихийн музей хамтран Дорно дахины музейн 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Рерих. Сохраняя культуру” нэртэй томоохон хэмжээний уран зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Үзэсгэлэн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Улс ардын аж ахуйн ололт амжилтын үзэсгэлэн” цогцолборын 13 дугаар үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийсэн бөгөөд 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл олны хүртээл болох юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд музейн удирдлагууд, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд, иргэд оролцсоноос гадна Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөл оролцов.

Үзэсгэлэнгийн гол үзмэрүүд нь нэрт эрдэмтэн судлаач, зураач Николай Рерихийн Төв Азийн экспедицийг ахлан Энэтхэгээс Монголоор дамжин Түвд хүртэл аялсан аялалын хүрээнд 1929-1946 онуудад зурсан Гималайн сэдэвтэй зургууд, тэмдэглэлүүд, түүний том хүү Святослав Рерихийн 1960-1970-аад онд зурсан дорнын сэдэвтэй зургуудыг дэлгэн үзүүлжээ.

Үзэсгэлэнгийн гол танхимд таван ханатай монгол гэрийг байрлуулсан нь үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж байлаа.

2016 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, Дорно дахины судлалын улсын музейтэй хамтран олон чухал арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд уг гэрийг тус музейд Найрамдлын сарын өдрүүдэд байршуулан, монгол ахуйг сурталчилсан ба Элчин сайд Б.Дэлгэрмаа санаачлан музейн үзмэрт зориулж тэрхүү монгол гэрийг бэлэглэсэн болно.

Энэхүү үзмэрийг барьж байрлуулах болон тохижуулах ажилд энэ удаад ч мөн ЭСЯ-наас дэмжлэг үзүүлж хамтран ажилласан юм.

Үзэсгэлэнд Н.Рерих болон түүний хүү С.Рерих нарын урьд өмнө нь олны хүртээл болж байгаагүй зургууд, тэдний гэр бүлийн архивт байсан аян замын тэмдэглэл, зарим эдлэл, хэрэглэлийг нь дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог юм.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.