С.ЛАВРОВ МОСКВАГИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ДЭЭД СУРГУУЛИЙН ШИНЭ ОЮУТНУУДТАЙ УУЛЗАВ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн 2018/2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, ирээдүйн дипломатч, шинэхэн оюутнуудтай уулзалт зохион байгууллаа.

Хичээлийн жилийн эхний өдөр С.Лавров ийнхүү оюутнуудтай уулзан, дэлхий дахины улс төрийн нөхцөл байдал, ОХУ-ын байр суурь, баримталж байгаа зарчим, ОХУ-АНУ-ын харилцааны одоогийн байдал, зарим асуудлууд, Сири болон Украйныг тойрсон асуудлуудыг багтаасан сонирхолтой илтгэл тавьж, оюутнуудын сонирхсон асуултанд хариулав.

Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт сургуулийн сүлд дууг нийтээр дуулан эхлүүлж, Гадаад хэргийн сайд нэгдүгээр дамжааны оюутнуудад анхны лекц буюу илтгэл тавьж, тэдний сонирхсон асуултуудад илэн далангүй хариулж, зарим сэдвээр харилцан ярилцдаг хэлбэр зөвхөн энэ жилийн хувьд биш нилээд хэдэн жил уламжлал болон зохион байгуулагдаж байгаа арга хэмжээ юм.

Тус сургуульд энэ хичээлийн жилд 450 гаруй гадаад оюутан шинээр элсэн суралцаж байгаа бөгөөд одоогоор 12 монгол оюутан бэлтгэл болон үндсэн ангид суралцахаар элсэн ороод байна.

Энэхүү арга хэмжээнд оюутнууд нь суралцдаг 10 гаруй орны ДТГ-ын тэргүүн, төлөөллүүд оролцсоноос Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөл мөн оролцов.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.