ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН МОНГОЛ, ОРОСЫН ЗГХК-ЫН ОРОСЫН ХЭСГИЙН ДАРГА А.В.ГОРДЕЕВТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсын Шадар сайд, Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Орос, Монголын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга А.В.Гордеевтэй өнөөдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр ОХУ-ын Засгийн газрын ордонд ажлын уулзалт хийв.

Уулзалтын эхэнд Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Засгийн газрын орлогч даргын албанд томилогдсонд А.В.Гордеевт Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувийн зүгээс баяр хүргээд ЗГХК-ын Оросын хэсгийн даргаар өмнө нь ажиллаж байсан туршлагатай, хоёр улсын харилцааны асуудлыг сайн мэддэг хүнтэй хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хамтран ажиллах болсонд баяртай байгаагаа тэмдэглэв.

2018 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй хийх хоёр талын уулзалт, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ойрын үед ОХУ-д хийхээр төлөвлөж буй албан ёсны айлчлалын бэлтгэлийг хангахад ЗГХК-ын Үндэсний хэсгүүдийн дарга нарын өнөөдрийн уулзалт чухал ач холбогдолтой болохыг Шадар сайд Ө.Энхтүвшин онцлон тэмдэглэв. ОХУ-ын Москва хотноо 2 дугаар сард хуралдсан ЗГХК-ын XXI хуралдааны Протоколыг хэрэгжүүлэх талаар хоёр тал ажил хэрэгч хандаж, хичээл зүтгэл гаргаж байгаа нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулахад тодорхой түлхэц болохыг тэрээр мөн онцлов.

ЗГХК-ын Үндэсний хэсгийн дарга нар Монгол, Оросын ЗГХК-ын XXI хуралдаанаар тохирсон ажлуудын хэрэгжилтийн явц болон цаашид шийдвэрлэх хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.