ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИЙН НЭГДҮГЭЭР ГАЗРЫН ЗАХИРАЛ Г.В.ЗИНОВЬЕВТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын захирал Г.В.Зиновьевтай тус яамны байранд уулзав. Уулзалтад Монголын талаас тус ЭСЯ-ны зөвлөх Д.Баасанхүү, О.Очирмаа, II нарийн бичгийн дарга А.Тамир, III нарийн бичгийн дарга Ц.Баттөр, оросын талаас Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын орлогч захирал В.А.Калинин, Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын хэлтсийн дарга Р.И.Журавлёв нар байлцав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Б.Дэлгэрмаа ноён Г.В.Зиновьевыг Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын захирлын өндөр албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд нь амжилт хүсэв.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Владивосток хотноо зохиогдох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад хүндэт зочноор оролцох бэлтгэл ажлын явцын талаар санал солилцож, айлчлалыг өндөр түвшинд зохион байгуулах чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохиров. Түүнчлэн талууд ойрын үед хэрэгжүүлэх өндөр, дээд түвшний айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.