МОНГОЛ УЛСЫН ХХЕГ-ЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ц.СЭРГЭЛЭН МОСКВА ХОТНОО АЙЛЧЛАЛ ХИЙВ.

Монгол Улсын Хил Хамгаалах Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн тэргүүтэй төлөөлөгчид Оросын Холбооны Улсын Холбооны аюулгүй байдлын албаны захирлын нэгдүгээр орлогч, Хилийн албаны удирдагч армийн генерал В.Г.Кулишовын  урилгаар ОХУ-д энэ оны 8 дугаар сарын 27-30-ны хооронд айлчилж байна.

Монгол Улсын Хил Хамгаалах Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн тэргүүтэй төлөөлөгчдийг  ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзав. Энэ үеэр ажил, сурлагаараа тэргүүлж байгаа хилчдийн төлөөлөлийг тус газраас шагнаж урамшуулав.

Монгол Улсын Хил Хамгаалах Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн тэргүүтэй төлөөлөгчид  Оросын Холбооны Улсын Холбооны аюулгүй байдлын албаны захирлын нэгдүгээр орлогч, Хилийн албаны удирдагч армийн генерал В.Г.Кулишов нар Москва хотноо 2018 оны 08 дугаар 28-нд ажлын уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Монголын талаас ХХЕГ-ын орлогч дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн, Хилийн албаны хэлтсийн дарга, хурандаа Ц.Батбаатар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа А.Эрдэнэчимэг, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга, Хилийн албан ёсны төлөөлөгч, хурандаа П.Буянхүү, орчуулагч, хурандаа Д.Нямсүрэн, оросын талаас Хил хамгаалалтын департаментын  нэгдүгээр орлогч, дэслэгч генерал А.П.Костюченко, Хилийн шалган нэвтрүүлэх департаментын нэгдүгээр орлогч, дэслэгч генерал Р.А.Даербаев, Олон улсын хамтын ажиллагааны газрын орлогч, хошууч генерал В.И.Ульянов, хүний нөөцийн газрын  орлогч, хурандаа А.В.Листов, орчуулагч хошууч Х.С.Допчут нар  оролцов.

Ажлын уулзалтаар Орос-Монголын улсын хилийн цагийн байдлын өрнөлт, хилийн болон хил орчмын дэглэмийн биелэлт, төвийн болон бүс нутгийн түвшинд хэрэгжиж буй хамтын ажиллагаа, ОХУ-ын ХАБА-ны Хилийн алба, Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын хооронд 2017-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид Монгол-Оросын улсын хилийн хэсэгт хамтарсан хил хамгаалалтын арга хэмжээнүүдийг сайжруулах чиглэлээр санал солилцон, Монгол-Оросын улсын хилийн дэглэмийн тухай Оросын Холбооны Улс, Монгол Улс хоорондын гэрээ, хилийн асуудлаар байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрийг мөрдөн хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэн, ажлын уулзалтын протоколд гарын үсэг зурав.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.