ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ А.А.КОБЯКОВТОЙ УУЛЗАВ

Элчин сайд Б.Дэлгэрмаа 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны орлогч дарга А.А.Кобяковтой ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын уулзалтын өрөөнд уулзав. Уулзалтад монголын талаас тус ЭСЯ-ны ажилтнууд, оросын талаас ОХУ-ын холбогдох яамд, албадын төлөөлөл байлцав.

Уулзалтын үеэр талууд 2018 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохиогдох Дорнын эдийн засгийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчдийг оролцуулах бэлтгэл, зохион байгуулалтын асуудал, түүнчлэн чуулга уулзалтын үеэр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны орлогч дарга А.А.Кобяков уг чуулга уулзалтад монголын өндөр түвшний төлөөлөгчдийн ажил хэрэгч оролцоог хангах чиглэлээр тус ЭСЯ-тай нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.