МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ОХУ-ЫН ХОЛБОО, ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦААНЫ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Н.А.НИКИФОРОВТОЙ УУЛЗАВ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр ОХУ-ын Холбоо, олон нийтийн харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Н.А.Никифоровтой 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тус яамны “Большой зал” танхимд уулзав. Уулзалтад монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, Дипломат ёслолын газрын захирал Ц.Мөнх-Өлзий, тус ЭСЯ-ны зөвлөх Д.Баасанхүү, III нарийн бичгийн дарга Ц.Баттөр, оросын талаас Холбоо, олон нийтийн харилцааны яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал М.В.Казанская, тус газрын Хэлтсийн дарга М.О.Киселев, тус газрын ахлах мэргэжилтэн А.С.Евдаков нар байлцав.

 

Уулзалтын үеэр талууд цахим худалдаа, транзит шуудангийн үйлчилгээ, харилцаа холбооны салбар дахь хоёр болон гурван талт хамтын ажиллагааны боломж, хэтийн төлөв, Бүс нутгийн Холбооны хамтын ажиллагааны байгууллага (РСС)-ын үйл ажиллагааны талаар санал, мэдээлэл солилцов.

ОХУ-ын Холбоо, олон нийтийн харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Н.А.Никифоров “Олон нийтийн харилцаа холбооны салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Олон нийтийн харилцаа холбооны яам хоорондын Хэлэлцээр амжилттай хэрэгжиж буйг онцлон тэмдэглэж, Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийг инновацийн төв “Сколково”-д хүрэлцэн ирэхийг урив.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өөрийн айлчлалын үндсэн зорилго нь Монгол Улсын Ерөнхий сайдын Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох бэлтгэлийг хангахад оршиж буйг тэмдэглээд айлчлалыг үр дүнтэй, ажил хэрэгч болгон зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг ОХУ-ын Холбоо, олон нийтийн харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Н.А.Никифоровоос биечлэн хүсэв.

Уулзалт ажил хэрэгч, найрсаг уур амьсгалд өрнөж, хоёр орны харилцаа, холбооны салбарын цаг үеийн болон бодлогын асуудлаар мэдээлэл солилцсон чухал арга хэмжээ боллоо.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.