ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР МОСКВАГИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ИХ СУРГУУЛЬД ЗОЧЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын урилгаар 2018 оны 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийх хүрээнд өөрийн сурч төгссөн, ОХУ-д төдийгүй гадаад улс оронд нэр хүндтэй Москвагийн олон улсын харилцааны их сургууль /МОУХИС/-д зочиллоо. Энэ үеэр тус их сургуулийн захирал А.В.Торкуновтой уулзаж, сургалтын хөтөлбөрийн шинэ чиг хандлага, үйл ажиллагааны хэтийн төлөв, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Энэхүү уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар уг сургуулийг төгсөгчдийн Монголын холбооны нэрийн өмнөөс МОУХИС төгсөгчдийн олон улсын холбооны дараагийн ээлжит форумыг Монгол Улсад зохион байгуулах хүсэлтийг уламжлан, орчин үед гадаад харилцаа, гадаад хэлний өндөр мэдлэгтэй боловсон хүчний хэрэгцээ өссөн нэмэгдэж байгааг харгалзан МОУХИС-д Монгол Улсаас элсэн суралцагчдын тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Захирал А.В.Торкунов монголын нийт 500 гаруй иргэн тус сургуульд суралцаж төгссөн, одоо 35 оюутан суралцаж байгааг дурдан, Монгол Улсаас элсэн суралцагчдын тоог нэмэгдүүлэх хүсэлтийг анхааралдаа авч, МОУХИС төгсөгчдийн олон улсын холбооны ээлжит форумыг 2020 онд Монгол Улсад зохион байгуулах чиглэлээр ажиллахаа цохон тэмдэглэв.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар МОУХИС-д суралцаж буй оюутнуудтай уулзан, Монгол Улсын гадаад бодлогын зорилтын талаар товч мэдээлж, гадаад хэл хэрхэн суралцах, ирээдүйн мэргэжлээ хэрхэн сонгох, юунд анхаарах талаар зөвлөмж өгч, оюутнуудын сонирхсон асуултад хариулав.

Айлчлалын хөтөлбөр ёсоор Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойгоор монголын ард түмнээс бэлэглэсэн, Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Ялалтад тэмүүлэх морьд”-ын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв.

Дээрх уулзалтууд, арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон албаны бусад хүмүүс байлцлаа.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.