ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА “РОССОТРУДНИЧЕСТВА” АГЕНТЛАГИЙН ДАРГА Э.В.МИТРАФОНОВАТАЙ УУЛЗЛАА

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, хилийн чанадад амьдарч байгаа эх орон нэгтнүүд, олон улсын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн агентлагийн дарга Элеонора Валентиновна Митрафоноватай 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус агентлагийн төв байрны уулзалтын танхимд уулзлаа.

Уулзалтанд монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан, оросын талаас “Россотрудничества” агентлагын орлогч дарга А.В.Радьков, даргын боловсролын асуудал хариуцсан зөвлөх Д.Ю.Гужеля, РЦНК ба хамтарсан байгууллагуудыг хариуцсан газрын дарга С.Ю.Медведев, Азийн улсууд хариуцсан хэлтсийн дарга В.Н.Белуков нар оролцлоо.

Уулзалтаар хоёр талын боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар тодорхой асуудлуудаар мэдээлэл, санал солилцов.

Уулзалтын үеэр Элчин сайд Б.Дэлгэрмаа сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа  улс төр, эдийн засгийн салбарт төдийгүй бүх талаар өргөжин хөгжиж байгаа, түүний дотор боловсрол, хүмүүнлэгийн салбарын харилцаанд мэдэгдэхүйц ахиц гарч байгааг онцлон тэмдэглээд, энэ бүх ололт, амжилт нь та бүхний дэмжлэг, хүчин чармайлтын үр дүн  гээд талархал илэрхийллээ.

Мөн манай улсад зөвхөн байгалийн баялаг ашиглах, боловсруулах биш газар тариалан, хүнд, хөнгөн үйлдвэрлэл, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт өсөх хандлага байгаа нь уламжлалт бааз суурь дээр үндэслэсэн үндэсний боловсон хүчнийг ОХУ-д бэлтгэх хэрэгцээ, шаардлага ч байгаа, энэ хирээр орос хэлийг сурах сонирхол, шаардлага нэмэгдэж,  ОХУ-ын шилдэг их, дээд сургуулиудад суралцахыг хүссэн хүүхэд, залуучуудын тоо нэмэгдэж байгааг харгалзан үзэж, үнэхээр сурах, мэргэжил эзэмших туйлын хүсэлтэй, чадвартай боловч орлого муутай, амьжиргааны түвшин бага, сургалтын төлбөрийг шийдвэрлэх боломжгүйгээсээ хүссэн сургуульдаа сурч, сонирхсон мэргэжлээ эзэмшиж чадахгүй байгаа хүүхэд, залуучуудын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг хүсэн, тэтгэлгээр суралцуулах хүсэлтийг тавив.

Тус агентлагийн дарга Э.В.Митрафонова энэ асуудалд анхаарлаа хандуулан тодорхой хэмжээгээр шийдвэрлэх болно гэдгээ албан ёсоор илэрхийлж, цаашид хоёр орны боловсрол, хүмүүнлэгийн салбарын харилцаанд тусалж дэмжин, хамтран ажиллахад үргэлж бэлэн гэдгээ илэрхийллээ. Уулзалт элэгсэг дотно, ажил хэрэгч уур амьсгалтай болж өндөрлөв.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.