ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА “ЯЛАЛТАД ТЭМҮҮЛСЭН МОРЬД” ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 73 жилийн ойн баярын өдрийг угтаж Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

Цэцэг өргөх ёслолд Москва хотод томилолтоор ажиллаж буй Монгол Улсын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын гарын хэлтсийн дарга Ц.Түвшинзаяа тэргүүтэй төлөөлөгчид болон тус ЭСЯ-ны ажилтнууд оролцов.

“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэглэсэн бөгөөд хөшөөг Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд 2017 оны 5 дугаар сард ёслол төгөлдөр байрлуулсан билээ.

1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дайн эхлэхэд Монгол Улсын төр, засгийн газар мэдэгдэл гаргаж ЗХУ-тай байгуулсан гэрээндээ тууштай үнэнч байхыг нотолж дайныг ялалтаар дуусгахад бүх талаар тусалж дэмжихээ илэрхийлсэн. Хөдөлмөрч ард түмнийхээ халуун сэтгэлийн хандиваар бэлгийн цуваануудыг бүрдүүлэн, шилдэг сайн агт морьдоо өгч, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол Ард” нисэх онгоцны эскадрилийг байгуулан Улаан армид бэлэглэсэн нь Берлинийг хүртэл тулалдаж ялалт байгуулахад бодит үүрэг гүйцэтгэсэн билээ.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.