“БЕССМЕРТНЫЙ ПОЛК” ХӨДӨЛГӨӨН МОСКВА ХОТНОО ЯВАГДСАН ТУХАЙ

2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Москва хотноо Аугаа Эх орны дайнд оролцож байсан өвөг дээдэс, төрөл садандаа хүндэтгэл үзүүлдэг “Бессмертный полк” хөдөлгөөний жагсаал болж өнгөрөв. Энэ жилийн Москва хотноо явагдсан арга хэмжээнд нийтдээ 1 сая гаруй хүн оролцсон гэж мэдэгдэж байгаа бөгөөд нийтдээ ОХУ-д явагдсан уг хөдөлгөөний жагсаалуудад 10 сая гаруй хүн оролцсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна.

“Бессмертный полк” хөдөлгөөний жагсаал Улаан талбайгаар явж өнгөрөх үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Серби Улсын Ерөнхийлөгч А.Вучич, Израиль Улсын Ерөнхий сайд Б.Нетаньяху нар нэгдэн оролцсон байна. Израиль Улсын Ерөнхий сайд Б.Нетаньяху уг жагсаалд Аугаа Эх орны дайны эхний өдрөөс дайн дуустал нь оролцон сүүлд Израиль Улсын иргэн болсон ЗХУ-ын Баатар хошууч Вольф Виленский зургийг барьж оролцсон байна.

Уг жагсаалд ОХУ дахь гадаадын орнуудын ДТГ-ын төлөөллийг урьж оролцуулдаг бөгөөд энэ жилийн жагсаалд ОХУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны залуу дипломатууд болох хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Тамир, хоёрдугаар нарийн бичгийн дарга Г.Одбаяр, атташе Ц.Алтанхүү нар оролцож хүндэтгэл үзүүллээ.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.