АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 73 ЖИЛИЙН ОЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛ ЯВАГДСАН ТУХАЙ

2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Улаан талбайд зохион байгуулагдсан Аугаа Эх орны дайны ялалтын 73 жилийн ойн ёслолын жагсаалын ажиллагааг үзхээр уригдсан ОХУ-д суугаа гадаадын орнуудын дипломат төлөөллийн хамт Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Цэргийн атташе, бригадын генерал Г.Энхбаатар нар үзэж сонирхов.

Ёслолын жагсаалыг нээж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлсэн үгэндээ “Европ дэлхий дахиныг боолчлол, сүйрэл, Холокостын аюулаас аварсан ард түмний гавьяаг өнөөдөр дарж, дайны үйл явдлыг өөрчлөн бичиж, жинхэнэ баатруудыг мартуулж, түүхийг засварлан бичих оролдлого хийж байна. Үүнийг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Бусдын төлөө амиа золиослосон дайчдын гавьяаг хадгалж хамгаалах нь бидний үүрэг юм” гэжээ. Мөн тэрээр “Зарим нэг улс орон нацистуудад үг дуугуй бууж өгөх, хамтран ажиллах эсхүл бүүр шууд эвсэх жигшүүрт сонголтыг хийж байхад Оросын ард түмэн харьгис дайсны өмнө дагдан чичирж өвдөг сөхрөөгүйд  бид үүрд бахархаж байх болно” гэж онцлон тэмдэглэлээ.

Энэ жилийн цэргийн парадад 13 мянган албан хаагч, 159 нэгж зэвсэглэл, техник, 75 нисэх онгоц, нисдэг тэрэг оролцов. Явган жагсаалд ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс гадна “Юнармия” хөдөлгөөн, ХАБА, Үндэсний Гварди, ОБЯ-ны албан хаагчид оролцсон юм.

Явган жагсаалын дараа байлдааны техникийн цуваа үргэлжилсэн бөгөөд энэ жил анх удаа “Терминатор” танкийг дэмжих байлдааны машин, “Уран-6” мина устгах роботын цогцолбор, “Уран-9” олон талт роботын цогцолбор, “Корсар”, “Катран” зэрэг нисгэгчгүй нисэх аппаратууд оролцсон гэдгийг ОХУ-ын БХЯ-наас мэдээлсэн юм. Үүнээс гадна “Тайфун-К”, “Патруль”, “Тигр” хуягт автомашинууд, “Тор-М2” зенит-пуужингийн цогцолбор, БТР-82А, “Армата”, Т-34-85, Т-72Б3, БМД-4М, БМД-МДМ, БМП-3 зэрэг хуягт техник, “Бук-М2, “Тор-М2” зенит пуужингийн цогцолборууд оролцов.

Агаарын цэргийн үзүүлэх нислэгийн хэсэгт Су-57 5 дахь үеийн сөнөөгч, Ту-160, Ту-95М стратегийн пуужин зөөгч, Ту-22М3 алсын бөмбөгдөгч, Ил-78 түлш цэнэглэгч, Ил-76МД цэргийн тээврийн, Су-35, Су-30СМ, МиГ-39, МиГ-31 сөнөөгч, Су-34, Су-24М бөмбөгдөгч, Су-25 дайрагч онгоцнууд, Ми-26, Ми-8, Ми-28Н, Ка-52, Ми-24 нисдэг тэргүүд оролцлоо. Агаарын цэргийн үзүүлэх нислэгийн хэсгийн нэг онцлог нь 2017 оны 12 дугаар сараас эхлэн ОХУ-ын Зэвсэгт хүчний Өмнөд цэргийн тойрогт байлдааны жижүүрлэлтэд гарсан хамгийн сүүлийн үеийн дуунаас хэт хурдан “Кинжал” пуужингаар зэвсэглэсэн МиГ-31К онгоцнууд оролцсон юм.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.