МЭНДЧИЛГЭЭ

Аугаа эх орны дайны ялалтын 73 жилийн ойг тохиолдуулан Оросын Холбооны Улсын нийт ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе!

            1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дайн эхлэхэд Монгол Улсын төр, засгийн газар мэдэгдэл гаргаж ЗХУ-тай байгуулсан гэрээндээ тууштай үнэнч байхыг нотолж дайныг ялалтаар дуусгахад бүх талаар тусалж дэмжихээ илэрхийлсэн. Хөдөлмөрч ард түмнийхээ халуун сэтгэлийн хандиваар бэлгийн цуваануудыг бүрдүүлэн, шилдэг сайн агт морьдоо өгч, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол Ард” нисэх онгоцны эскадрилийг байгуулан Улаан армид бэлэглэсэн нь Берлинийг хүртэл тулалдаж ялалт байгуулахад бодит үүрэг гүйцэтгэснийг эргэн дурсахад бахдалтай байна. Оросын ард түмэн, баатарлаг цэрэг эрсүүд мөнхийн алдраа дуурсган хүн төрөлхтнийг аварч түүхэн ялалт байгуулсныг Монголын ард түмэн гүнээ хүндэтгэж байдаг билээ.

            Мөнхийн хөрш, ахан дүүсийн барилдлагатай найрамдалт Оросын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын баярын мэндийг дахин хүргэж, Орос-Монголын найрамдалт харилцаа улам батжиж, түүхийн алтан хуудсууд улам баяжин дэлгэрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

 

МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД

БАНЗРАГЧИЙН ДЭЛГЭРМАА

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.