ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛД ОРОЛЦЛОО

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн В.Путины тангараг өргөх ёслолын арга хэмжээнд хүндэт зочноор оролцлоо.

В.Путин 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж, дөрөв дэх удаагаа тангараг өргөв. Москвагийн Кремльд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Парламентын хоёр танхимын хууль тогтоогчид, Үндсэн хуулийн шүүхийн гишүүд, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоод байгаа Засгийн газрын гишүүд, субъектүүдийн удирдлагууд, шашны төлөөлөл, олны хүндэтгэлийг хүлээсэн нийгэм, соёл, спортын нэрт зүтгэлтнүүд, гадаад орнуудын элчин сайд нар, 2018 оны ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар ажилласан сайн дурын ажилтнуудын нийт таван мянга гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.

ОХУ-ын ерөнхийлөгчийн засаглалын билэг тэмдэг болсон тэмдэг, тугтай хамт байдаг тусгайлан бэлтгэсэн ОХУ-ын Үндсэн хуулийн нэг хувь дээр В.Путин баруун гараа тавиад тангараг өргөж, Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Зорькин түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан үүрэгт орсон гэдгийг зарласнаар В.Путин тус улсын Төрийн тэргүүн, ОХУ-ын Зэвсэгт хүчний Дээд ерөнхий командлагчийн хариуцлагыг өөртөө хүлээлээ. Тангараг өргөсний дараа тэрээр ирэх 6 жилийн хугацаанд хийж бүтээх зорилго чиглэлийн талаар, Орос оронд тулгараад байгаа сорилтуудын талаар нийт оросын ард түмэнд хандаж үг хэлэв.

Тангараг өргөх ёслолын ажиллагаа Кремлийн Сүмийн талбайд үргэлжилсэн бөгөөд Ерөнхийлөгч В.Путинд баяр хүргэж Ерөнхийлөгчийн цэргийн хороо жагсаж, М.Глинкагийн “Славься” дуулал эгшиглэж, их буу буудаж, сүмийн хонх цохив. Улмаар төрийн тэргүүн 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өөрийнх нь штабд ажилласан сайн дурын ажилтнуудтай уулзаж, хамтарсан зураг авахуулав. Нийт арга хэмжээ хагас цагийн туршид үргэлжлэв.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.