“ЭХ ОРНЫ ХӨГЖИЛД МИНИЙ ОРОЛЦОО” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, Монголын Залуучуудын Холбооны салбар зөвлөл “Ле-Мон” клубээс хамтран  6 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Эх орны хөгжилд миний оролцоо” сэдэвт онол практик, эрдэм шинжилгээний бага хурал 2018 оны 4 дүгээр сарын 28- ны өдөр Москва хотын Улс түмний найрамдлын их сургуулийн бага танхимд  амжилттай явагдаж өндөрлөлөө.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ыг төлөөлж, I Нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан оролцож, нийт оролцогчдод болон арга хэмжээнд хүрэлцэн ирсэн оюутан, залуучуудад хандан Элчин сайдын мэндчилгээг дэвшүүлж, амжилт хүслээ.

Тус арга хэмжээний эхний шатанд 20 орчим оюутан, магистр, докторантууд бүтээлээ ирүүлсэнээс 8 илтгэлийг сонсож, бага хуралд оролцогчид болон шүүгчид сэдвийн дагуу сонирхсон асуултандаа хариулт авч, санал бодлоо солилцсон өгөөжтэй арга хэмжээ боллоо.

Уралдаанд оролцож байгаа оюутан, залуучууд илтгэлдээ өөрсдийн эзэмшиж байгаа мэргэжлийн дагуу тухайн салбар дахь зайлшгүй шийдвэрлэвэл зохих асуудлуудыг хөндөн тавьснаас гадна өндөр техник, технологийг нутагшуулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх талаар сонирхолтой, онол практикийн дүнд тулгуурласан саналуудыг тусгасан нь анхаарал татаж байлаа.

Онол практик, эрдэм шинжилгээний бага хурлын тэргүүн байрын шагналыг эрчим хүчний салбарт, тухайлбал өндөр хүчдэлийн  цахилгаан, эрчим хүчний дамжуулалтын шугамын алдагдлыг багасгах, ашигт  үйлийн коэффицентийг дээшлүүлэхэд зориулагдсан программ боловсруулсан Москвагийн Эрчим хүчний их сургуулийн магистрын I дамжааны оюутан Ж. Мөнхоргил хүртлээ.

Хоёрдугаар байранд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас ялгарч буй метаний хийг үйлдвэрлэл, ахуйн зориулалтаар ашиглах боломжийн талаар сонирхолтой  санаа дэвшүүлсэн Москва хотын И.М.Губкиний нэрэмжит Нефть-хийн их сургуулийн магистрын хэлний бэлтгэлийн оюутан Ц.Цогзолмаа шалгарсан бол гуравдугаар байрны шагналыг Монгол Улсын татварын тогтолцоог боловсронгуй болгох талаар онол, практикийн зарим асуудлыг хөндөн тавьсан илтгэлээрээ Москвагийн Санхүү, эдийн засгийн их сургуулийн бакалаврын 4 дүгээр дамжааны оюутан Б.Хулан хүртсэн байна.

Цаашид жил бүр уламжлал болгон явагдах энэхүү уралдааны цар хүрээг нэмэгдүүлэх, ач холбогдлыг дээшлүүлэх, шалгарсан бүтээлүүдийг амьдралд нэвтрүүлэхэд анхаарах болно гэж МЗХ-ны салбар зөвлөл “Ле-Мон” клубын тэргүүн Ж.Отгонгэрэл шагнал гардуулах үед мэдэгдлээ.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.