ОЛОН УЛСЫН II ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

И.М.Сеченовийн нэрэмжит Москвагийн Анагаах ухааны нэгдүгээр их сургуулиас “ОХУ-ын эрүүл мэндийн салбар дахь уламжлалт анагаах ухааны өнөөгийн байдал: боловсролын анхаарал татсан асуудлууд” сэдэвт олон улсын II дугуй ширээний уулзалт ярилцлагыг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Дугуй ширээний уулзалт, ярилцлаганд БНЭУ, БНСУ, БНСВУ, БНХАУ, Япон болон Монгол Улсын ЭСЯ болон эрүүл мэндийн салбарын төлөөллүүд, ОХУ-ын ЭМЯ-ны ажилтнууд, ШУА-ын эрдэмтэн, мэргэжилтнүүд оролцов. Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ыг төлөөлөн I НБД А.Амарсайхан оролцлоо.

Уг арга хэмжээг нээж тус сургуулийн ректор П.В.Глыбочко хэлсэн үгэндээ:  “Орчин үеийн шинжлэх ухааны хөгжилд уламжлалт анагаах ухаан, түүний дотор дорно дахины анагаах ухааны үүрэг  өсөн нэмэгдсээр байгааг дурдаад, уламжлалт анагаах ухааны хөгжлийн зүй тогтол, эрх зүйн орчинг боловсронгуй болгоход хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр зохион байгуулах ажил, арга хэмжээг өргөжүүлэх талаар зөвшилцөж, нэгдсэн ойлголтод хүрэх нь чухал байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Дугуй ширээний уулзалт, ярилцлагын үеэр оролцогчид Москва хотын нэгдүгээр эрүүл мэндийн сургуулийн уламжлалт анагаах ухааны тэнхимийн эрхлэгч, доктор В.Г. Лим, ОХУ-ын уламжлалт Анагаах Ухааны эмч нарын Холбооны ерөнхийлөгч, ОХУ-ын ШУА-ын гишүүн, порфессор Н.В. Ярыгин нарын илтгэлийг сонсож, санал бодлоо солилцов.

Нийт үг хэлсэн хүмүүс түүний дотор ЭСЯ-дын төлөөллүүд уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх, давтан сургахад онцгой анхаарах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Арга хэмжээний төгсгөлд дугуй ширээнд оролцогчид хэлэлцсэн асуудлын хүрээнд тогтоол гарган хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.