ҮАБЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.ГАНСҮХ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОХУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА

ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушевын урилгаар Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд А.Гансүх, Н.П.Патрушев нар ганцаарчилсан уулзалт хийж, хоёр улсын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав. Зөвлөлдөх уулзалтаар талууд хоёр улсын аюулгүй байдлын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар ярилцаж, аюулгүй байдал, батлан хамгаалах, хууль сахиулах чиглэлээр цаашид хамтарч ажиллах боломжуудын талаар санал солилцов. Мөн зөвлөгөөнд оролцсон хоёр талын зарим төлөөлөгч өөрсдийн хариуцсан салбарын хамтын ажиллагааны боломжуудын талаар илтгэл тавьж, тодорхой чиглэлээр хамтарч ажиллах санал дэвшүүлэв.

А.Гансүх, Н.П.Патрушев нар Монгол Улс, ОХУ нь уламжлалт сайн хөршийн харилцаа хөгжүүлж ирсэнийг тэмдэглээд хоёр улсын аюулгүй байдлын асуудал нь харилцан уялдаатай гэдэгтэй санал нийлж, олон улсын харилцаа, бүс нутгийн зарим асуудлаар харилцан бие биенээ дэмжихийн чухлыг онцлов.

Зөвлөгөөнд монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Тэгшжаргал, С.Энхбат, ЗХЖШ-ын дарга Д.Даваа, ТЕГ-ын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль, ҮАБЗ-ийн шинжээч Ж.Бямбацогт, ЦЕГ-ын нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албаны дарга Ж.Амгалан, ЭСЯ-ны дипломат ажилтнууд, оросын талаас ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын туслах А.Н.Венедиктов, ОХУ-ын Хууль зүйн нэгдүгээр орлогч сайд О.А.Плохой, ОХУ-ын Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Дотоод хэргийн орлогч сайд И.Н.Зубов, ОХУ-ын Хуурай замын цэргийн Ерөнхий командлагч О.Л.Салюков, ОХУ-ын “РосАтом” компаний Ерөнхий захирлын зөвлөх В.П.Кучинов, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны шинжээч Д.Н.Добровольский, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн эрхлэгч В.В.Наумкин,  ОХУ-ын ГХЯ-ны Азийн нэгдүгээр газрын орлогч захирал В.А.Калинин, тус улсын ГХЯ, Аюулгүйн зөвлөлийн зарим төлөөлөл тус тус оролцов.

Айлчлалын хүрээнд ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх тэргүүтэй төлөөлөгчид Сочи хотноо зохиогдох Аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагын өндөр, дээд албан тушаалтны олон улсын 9 дүгээр чуулга уулзалтад оролцоно. Айлчлал үргэлжилж байна.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.