“ТРАНСРОССИЯ – 2018” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОВ

Тээвэр-логистикийн үйлчилгээ, технологийн салбарын Оросын хамгийн том арга хэмжээ болох “ТрансРоссия – 2018” олон улсын үзэсгэлэн энэ оны 4 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Москва хотын “Крокус Экспо” төвд зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэнд Орос, Герман, Финланд, Беларусь, Иран, Монгол, Латви, Литва, Эстон, Азербайжан зэрэг дэлхийн 26 орны 390 гаруй аж ахуйн нэгж, оросын болон гадаадын 14750 орчим хүн оролцож байна. Үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн үзүүлж буй тээвэр-логистик, ачаа хүргэлт, хадгалалт, логистик, гаалийн бүрдүүлэлт, санхүү, мэдээллийн үйлчилгээг олон нийтэд танилцуулж, хамтран ажиллах сонирхолтой байгууллага, хувь хүнтэй бизнесийн харилцаа тогтоож байна. Тухайлбал, “Монголын төмөр зам” ТӨХК, “Мосгипротранс” ХН хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав.

“ТрансРоссия – 2018” олон улсын үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 12:00 цагаас болов. Нээлтийн үйл ажиллагаанд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, Тээвэр, барилгын хорооны гишүүн А.С.Старовойтов, Каспийн бүс нутгийн орнуудтай хөгжүүлж буй хүмүүнлэг, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Р.Г.Абдулатипов, Төмөр замын холбооны агентлагийн дарга В.Ю.Чепец, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Латвийн Бүгд Найрамдах Улсын Харилцаа, холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга К.Озолиньш, “ТрансКонтейнер” НХН-ийн Ерөнхий захирал П.В.Баскакову, “Дело” компаний Ерөнхий захирал, Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч А.В.Бубнов нар уригдан нээлтийн үг хэлж, үзэсгэлэнг нээх улаан тууз хайчлах ёслолын үйл ажиллагаанд оролцов.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа “ТрансРоссия – 2018” олон улсын үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс газар зүйн байршлын давуу байдалдаа тулгуурлан Евразийн бүс нутгийн олон улсын тээвэр, логистикийн сүлжээнд идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг зорьж, Орос-Хятад, Ази-Европыг холбосон өрсөлдөх чадвар сайтай тээврийн коридорыг бий болгохоор ажиллаж байна. Энэ удаагийн “ТрансРоссия – 2018” арга хэмжээний үеэр Монголын тээврийн компаниуд үндэсний павильон ажиллуулж, өөрсдийн үйл ажиллагаа, хамтын ажиллагааны бодит санал, санаачилгуудыг үзэсгэлэнд оролцож буй байгууллага, иргэдэд танилцуулж байна. Та бүхнийг манай павильонд хүрэлцэн ирэхийг урьж байна” гэв.

2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 12:30 цагаас Монгол Улсын Үндэсний павильоны нээлтийн үйл ажиллагаа болов. Павильоныг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нээж, Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, I орлогч дарга И.В.Милостных нар мэндчилгээ дэвшүүлэв.

Үндэсний павильоны нээлтийн үйл ажиллагаанд Төмөр замын дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид монгол ардын уртын дуу, морин хуурын үзүүлбэр үзүүлснээр монгол гэрийн загвараар угсарсан үндэсний павильоны үйл ажиллагаа ёслол төгөлдөр эхлэв. “ТрансРоссия – 2018” үзэсгэлэнгийн удирдлагаас монголын үндэсний павильоныг “Оны шилдэг шинэ оролцогч”-оор шалгаруулан өргөмжлөл гардууллаа.

“ТрансРоссия – 2018” үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, “Монголын төмөр зам” ТӨХК, БНХАУ-ын Олон улсын тээвэр зуучлалын холбооны санаачилгаар “Транзит Монгол – 2018” олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулав.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа чуулга уулзалтыг нээж хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар тээврийн салбарын хөгжилд онцгой анхаарал хандуулж, тус салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд бодит алхмуудыг шат дараатай авч байна. “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”, “Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” зэрэг хоёр, гурван талын хамтын ажиллагааны чухал баримт бичгүүд нь тээврийн салбарын хамтын ажиллагаанд томоохон түлхэц үзүүлэх нь гарцаагүй юм. Ази-Европын дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэж, тээврийн дэд бүтцийн хамтын ажиллагаа эрчимжиж буй өнөө үед “Транзит Монгол – 2018” чуулга уулзалтыг зохион байгуулж буй нь цагаа олсон, үр дүнтэй алхам болж байна” гэж онцлон тэмдэглэв.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн мэндчилгээг чуулга уулзалтын оролцогчдод танилцуулав.

Энэ удаагийн чуулга уулзалтаар Төмөр замын хөгжлийн бодлого, Орос-Монгол-Хятадын төмөр замуудын хамтын ажиллагааны өнөөгийн төлөв, цаашдын чиг хандлага зэрэг өргөн сэдвийг хөндөн ярилцав. “Транзит Монгол – 2018” чуулга уулзалт нь бүс нутгийн гадаад худалдаа, тээвэрлэлтийн үр ашгийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болов.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.