ОХУ-ЫН ГАВЪЯАТ ЗУРААЧ ПАВЕЛ ИЛЫШЕВИЙН УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛОВ

ОХУ-ын ГХЯ-ны Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газрын соёлын төвд 2018 оны 4-р сарын 11-ний өдөр ОХУ-ын гавъяат зураач П.Илышевийн уран зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо. Үзэсгэлэнд зураачийн сүүлийн 15 жилийн хугацаанд туурвисан бүтээлүүдийн дээжийг дэлгэн үзүүлсэн байна.

П.Илышевийн энэ удаагийн үзэсгэлэн нь Оросын үзэсгэлэнт байгаль, Японд зорчсон тэмдэглэл, Крымийн хамгийн үзэсгэлэнтэй газрууд гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдсэн бөгөөд 30 гаруй бүтээлийг нь харуулжээ. Зураач Павел Илышев нь 1975 онд В.Суриковын нэрэмжит уран зургийн сургууль, 1981 онд Герасимовын нэрэмжит Бүх Оросын кино урлагийн дээд сургуулийг дүүргэсэн ажээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд ГХЯ-ны албаны хүмүүс, ОХУ-ын Москва хотноо суугаа гадаадын зарим улсын Элчин сайд, ДТГ-ын төлөөллүүд, хамтран ажилладаг байгууллага, зураачид, урлаг судлаачид хүрэлцэн ирсэн байлаа. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа, ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан, хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Тамир нар уг арга хэмжээнд оролцов.

Зураач П.Илышев нь бидний мэдэх “Дөлгөөн Дон”, “Хөлбөмбөгчин”, “Цэцэрлэгт гудамжны романс” зэрэг 10 гаруй уран сайхны киноны зураач болон ерөнхий зураачаар ажиллажээ. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Япон улсад нэг бус удаа зорчсон бөгөөд тус улсын үзэсгэлэнт байгаль, баялаг эртний түүх соёл, өнгөрсөн ба одоо цагийн ахуй байдлыг харуулсан нэлээдгүй бүтээл туурвисны шилдэг зургуудаас энэ удаагийн үзэсгэлэнд тавьсан байна.

Түүний энэхүү уран бүтээлийн үзэсгэлэн нь ОХУ-д 2018 оныг “Япон улс”-ын жил болгон зарласан арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой байлаа.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.