ОХУ-ЫН КРАСНОЯРСК ХОТОД МОНГОЛ УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛ ТОМИЛОГДЛОО

Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсаас ОХУ-ын Красноярск хотод суух Өргөмжит консулаар томилогдсон тус улсын иргэн Е.А.Кузьминыг хүлээн авч уулзан Өргөмжит консулын тамга, патентыг нь гардуулав. Чингэснээр тэрбээр өнөөдрөөс эхлэн үүрэгт ажилдаа орлоо.

Элчин сайд Б.Дэлгэрмаа шинээр томилогдож буй Өргөмжит консулд өөрийн хариуцсан консулын тойрогтоо Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах төдийгүй хоёр орны хүмүүнлэг, спорт, соёл, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлж, амжилт хүсэв.

Өргөмжит консул Е.А.Кузьмин түүнд Монгол Улс итгэл үзүүлж, ийм чухал албанд ажиллуулах болсонд талархал илэрхийлж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэхэд идэвхтэй ажиллана, ОХУ-ын Самбогийн холбооны Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувьд Монголын самбо бөхийн спортыг дэмжих чиглэлээр төлөвлөж байгаа ажлаа Элчин сайдад мэдээллээ.

Өргөмжит консул Е.А.Кузьмин нь Монгол-Оросын Анд нөхдийн найрамдлын нийгэмлэгийн Дэд ерөнхийлөгч, ОХУ-ын Самбогийн холбооны Ерөнхийлөгчийн зөвлөх, Сибирский Экспресс Красноярск ХХК-ны ерөнхий захирал, Красноярскийн хязгаарын Улсын хөдөө аж ахуйн их сургуулийн Монгол дахь салбарын захирлаар тус тус ажиллаж байна.

Уулзалтанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Ерөнхий консулын хэлтсийн дарга Ц.Ганболд байлцав.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.