ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА АРМЕН УЛСАД АЖИЛЛАВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Армен Улсад хавсран суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа 4 дүгээр сарын 9-ний өдөр Ереван хотод ажиллаж, тус улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Армен Саркисяны тангараг өргөх ёслол, Гадаад хэргийн сайд Эдвард Налбандяны тус улсад хавсран суугаа Элчин сайд нартай хийсэн уулзалтад тус тус оролцов.

Бүгд Найрамдах Армен Улсын энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль нь тус улсын Үндсэн хуульд 2015 онд орсон өөрчлөлтийн дагуу зохион байгуулагдаж буй анхны сонгууль юм. Армен Саркисян нь Үндсэн хуулийн шинэ өөрчлөлтийн дагуу Армен Улсын Үндэсний Хурлаас сонгогдож буй анхны Ерөнхийлөгч бөгөөд тэрээр 2018 оны 3 дугаар сард Ерөнхийлөгчөөр сонгогдох хүртлээ Бүгд Найрамдах Армен Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайдаар ажиллаж байжээ.

Мөн өдөр Армен Улсын Гадаад хэргийн сайд Эдвард Налбандян тус улсад хавсран суугаа Элчин сайд нартай уулзаж, Армены гадаад бодлого, олон улсын тулгамдсан асуудлуудын талаарх тус улсын байр суурийн талаар ярилцаж, Элчин сайд нарын сонирхсон асуултад хариулж, зарим асуудлаар санал солилцов.

Армен Улсын Гадаад хэргийн яам энэ удаагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд тус улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг урилгаар оролцуулсан бөгөөд тангараг өргөх ёслолд нийт 100 гаруй орны Элчин сайд, хэргийг түр хамаарагч, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.