ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал медаль”-иар шагнагдсан Оросын Холбооны Улсын Тээврийн яамны Төмөр замын тээврийн салбарын төрийн бодлогын газрын захирал В.А.Петренко, Олон улсын хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн М.С.Тимофеева нарыг тус ЭСЯ-ны “Чингисийн өргөө” уулзалтын танхимд 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч уулзан медалийг ёслол төгөлдөр гардуулав.

Элчин сайд Б.Дэлгэрмаа шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улс, Оросын Холбооны Улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон жил үр бүтээлтэй ажиллаж буй Орос нөхдийнхөө хөдөлмөрийг Монголчууд бид өндрөөр үнэлдэг. Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын ажиллагаа тээврийн салбарт эрчимтэй хөгжиж байгаад бид сэтгэл хангалуун байдаг. Тухайлбал, өнгөрсөн оны 8 дугаар сард Москва хотноо зохиогдсон Монгол, Оросын Тээврийн ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр “Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн тохиролцож, гарын үсэг зурахад бэлэн боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд энэ оны 5 дугаар сард Петербургийн эдийн засгийн форумд оролцож, ОХУ-д айлчлах үеэр уг хэлэлцээрт гарын үсэг зурах боломжтой гэж үзэж байна. Та бүхний хичээл зүтгэл, хөдөлмөрийн дүнд манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа улам бүр өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэлэв.

М.С.Тимофеева шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Төрийн тэргүүний зарлигаар төрийн өндөр, дээд одон медалиар шагнуулсандаа туйлын баяртай байна. Сүүлийн жилүүдэд Орос, Монголын тээврийн салбарын харилцаа сайжирч, хоёр талын хамтын ажиллагаа идэвхжиж байгаад баяртай байна. Цаашид хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа, гарын үсэг зурахад бэлэн болсон “Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулан хэрэгжилтийг хангахын төлөө хүчин чармайлт гарган ажиллах болно” гэв.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.