ДУБНАД “ШИНЭ ЭРИН-25 ЖИЛ” ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛОВ

ЗХУ болон Чехословак Улсын бүрэлдэхүүнд байсан улсууд Оросын Холбооны Улсын Дубна хот дахь Олон улсын Засгийн газар хоорондын шинжлэх ухааны эрдэм шинжилгээний байгууллага – Цөмийн судалгааны нэгдсэн хүрээлэн (ОИЯИ)-ийн бие даасан гишүүн болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойг тохиолдуулан «ОИЯИ: Шинэ эрин-25 жил» Олон улсын бага хурал Дубнагийн Цөмийн судалгааны нэгдсэн хүрээлэнгийн хурлын их танхимд 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдлаа.

Хуралдаанд ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.В.Трубников, Цөмийн судалгааны нэгдсэн хүрээлэнгийн захирал В.А.Матвеев, ОХУ-ын ГХЯ-ны хэлтсийн дарга В.С.Смирнов, Росатом корпорацийн нарийн бичгийн дарга А.К.Будыко, Азербайжан, Армен, Беларусь, Болгар, Вьетнам, Гүрж, Казахстан, Куба, Молдав, Монгол, Польш, Румын, Орос, Словак, Узбекстан, Чех зэрэг тус хүрээлэнгийн гишүүн орнуудын Бүрэн эрхт төлөөлөгчид, ЭСЯ, дипломат төлөөлөгчдийн газрын төлөөлөл болон цөмийн эрчим хүчний тэргүүлэх эрдэмтэн, судлаачид нийт 150 гаруй хүн оролцов. Уг арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга Ж.Батсайхан, Дубнагийн Цөмийн судалгааны нэгдсэн хүрээлэнгийн Мэдээлэл, технологийн секторын дарга О.Чулуунбаатар, Цөмийн онолын физикийн секторын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Г.Ганболд нар оролцлоо.

Хуралдааныг ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.В.Трубников  нээж ОХУ-ын Ерөнхийлөгч  Владимир Путинаас «ОИЯИ: Шинэ эрин-25 жил» олон улсын бага хуралд оролцогчдод ирүүлсэн  мэндчилгээг уншиж сонордуулав.

ОХУ-ын Ерөнхийлөгч  Владимир Путин мэндчилгээндээ “Улс орнууд нэгдэн Цөмийн судалгааны нэгдсэн хүрээлэнд хамтран ажиллаж байгаа явдал нь хүрээлэнгийн хөгжилд эрч хүч өгсөн шинэ үе шат бөгөөд харилцан ашигтай олон улсын шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа юм. Цөмийн судалгааны нэгдсэн хүрээлэнгийн туршлага, ажлын гайхалтай үр дүн нь  өндөр зорилгод хүрэхийн тулд үндэсний нөөцийг нэгтгэж үр ашигтай, зөв замыг сонгосны нотолгоо нь юм. Тус хүрээлэн нь орчин үеийн физикийн чиглэлээр дэлхийн хэмжээнд тэргүүлэгч байр суурийг эзэлж байгаа бөгөөд эрдэмтдийн хуримтлуулсан туршлага нь ирээдүйтэй, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг бий болгож байна. Эрдэмтэд маань ололт амжилтаа хуваалцаж, санал бодлоо солилцож цаашид улам өндөр амжилтанд хүрч шинжлэх ухааны  ололт амжилтын тэргүүлэгчид нь байх болно гэдэгт итгэлтэй байна” гээд хуралдааны үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Хуралдаанд Цөмийн судалгааны нэгдсэн хүрээлэнгийн захирал В.А.Матвеев хүрээлэнгийн өнгөрсөн 25 жилийн ажлын үр дүн, болон хэтийн хөгжил, түүний дэд бүтцийн судалгааны талаар хуралдааны үндсэн илтгэлийг тавилаа.

Тэрбээр:Цөмийн судалгааны нэгдсэн хүрээлэн нь өнгөрсөн хугацаанд цөмийн физикийн тэргүүлэх төв боллоо. 1950-1980 онуудад Албани, Болгар, Унгар, БНАГУ, Хятад, Монгол, БНАСАУ, Польш, Румын, Чехословак, Вьетнам, Куба зэрэг гишүүн орнуудтай өргөн хүрээнд хамтран ажиллаж хүрээлэнгээс ажлын хэрэгжилт, үр дүнд онцгой анхаарал хандуулж байсан. Дубнагийн эрдэмтэд ялангуяа Ханой, Берлин, Дрезден, Варшав, Улаанбаатар, Софи, Прага, Белградын судалгааны төвүүдтэй  нягт холбоотой ажиллаж ирлээ. Манай хүрээлэн 90-ээд оны эхэн үед тус хүрээлэнгийн гишүүн орнуудын улс төр, нийгэм-эдийн засагт гарсан өөрчлөлттэй холбоотой бүхий л санхүүгийн хүндрэлийг амжилттай даван туулж гарсан бөгөөд «Шинжлэх ухаан ард түмнийг ойртуулдаг» уриан дор тогтвортой өсөж, хөгжиж ирсэн. 1993 онд хүрээлэнгийн жилийн төсөв 25 сая ам.доллар байсан бол өнгөрсөн 25 жилийн хугацаанд 8 дахин нэмэгдэж 2017 онд 200 сая ам.долларт хүрсэн байна. Цөмийн судалгааны нэгдсэн хүрээлэнгийн амжилтын нэг тод жишээ бол ЦЕРН-ийн хамтын ажиллагаа юм. Хоёр талын гэрээний үндсэн дээр туршилтын төслүүдийг хэрэгжүүлэх болсон нь хүрээлэнгийн судалгааны хөтөлбөрт онцгой байр суурийг эзэлж байна. Энэ бол дэлхийд цөмийн чиглэлээр тэргүүлэгч хоёр байгууллагын хооронд харилцан ашигтай харилцаа тогтоосон стратегийн алхам юм. Хүрээлэнгийн шинэ эрин бол ЮНЕСКО-той нягт хамтран ажиллаж, БРИКС –ийн орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх явдал юм” гэж онцлон тэмдэглэв.

Тус хуралдаанд оролцогчдоос «ОИЯИ:Шинэ эрин-25 жил» хамтарсан тунхаглал гаргалаа.

Цөмийн судалгааны нэгдсэн хүрээлэн нь олон улсын Засгийн газар хоорондын шинжлэх ухааны эрдэм шинжилгээний байгууллага, дэлхийд нэрд гарсан цөмийн судалгааны гол төв юм. Тус хүрээлэн нь 1956 онд байгуулагдсан бөгөөд 5500 гаруй ажиллагсад, 1200 судлаачидтай, үүний 1000 орчим нь гишүүн орнуудын эрдэмтдээс бүрддэг байна. Хүрээлэн нь онолын физик, энергийн физик (эгэл хэсгийн физик), хүнд ионы физик, нягтруулсан материйн физик, цөмийн реакц, нейтроны физик, мэдээллийн технологийн гэсэн үндсэн долоон лабораторитой. Хүрээлэнд үндсэн ашиглагддаг төхөөрөмжид нь нуклетрон хэт дамжуулагч хурдасгуур (эгэл энерги: 7 GeV), гурван изохроник циклотрон (120, 145, 650 MeV), фазатрон (680 MeV), синхрофазатрон (4 GeV) багтдаг бөгөөд хурдтай пульсийн реактороор, (1500MW) 19 дэд салбараар нейтроны урсгалыг хүлээн авдаг байна.

Тус хүрээлэнд Монголын цөмийн физикчид 1960-аад оноос эхлэн хамтран ажиллаж ирсэн бөгөөд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдааны хүрээнд Монгол Улсын Цөмийн энергийн комисс, ОХУ-ын Атомын энергийн “Росатом” улсын корпораци хооронд “Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв” байгуулахад хамтран ажиллах тухай санамж бичгийг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан. Өнөөдөр Дубнагийн Цөмийн судалгааны нэгдсэн хүрээлэнд Монголын эрдэм шинжилгээний 13 ажилтан цөмийн энергийн суурь судалгааны чиглэлээр гадаадын эрдэмтэдтэй мөр зэрэгцэн ажиллаж байна.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.