СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ҮЕЭР МОСКВА ХОТНОО АЖИЛЛАВ

ОХУ-ын Сонгуулийн төв комисс /СТК/-ын дарга Э.Памфиловагийн урилгаар Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны дарга Ч.Содномцэрэн тэргүүтэй төлөөлөгчид 3 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Москва хот болон Москва мужид ажиллахын зэрэгцээ тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглаж, СТК-ын удирдлагатай уулзав.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тус улсын СТК-оос зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр болон Э.Памфилова, Ч.Содномцэрэн нарын уулзалтын үеэр оросын тал Монгол Улсын сонгуулийн үйл явц бүрэн автоматжсаныг жишээ болгон сайшааж байв. Мөн дээрх уулзалтын үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн ОХУ-ын СТК-ын дарга Э.Памфиловаг Монгол Улсад айлчлахыг урьсан бөгөөд хатагтай Э.Памфилова манай оронд заавал очно гэдгээ мэдэгдэв.

Энэ удаагийн ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар дэлхийн 80 гаруй орны сонгуулийн байгууллагын 1000 гаруй төлөөлөгч тус улсад хүрэлцэн ирсэн байна. Манай төлөөлөгчид ОХУ-ын СТК-ын удирдлагатай уулзалт хийж, Москва хот болон Москва мужийн санал хураах хэсгийн хороодоор зочилж, ажиглалт хийв.

СЕХ-ны төлөөлөгчид 3 дугаар сарын 18-ны орой санал хураалтын дараа ОХУ-ын СТК-ын Мэдээллийн төвд зочилж, орон даяар санал хураалтын явцыг харуулсан дэлгэцийн нэгдсэн мэдээлэлтэй танилцан, санал хураалтын урьдчилсан дүнгийн талаар СТК-ын дарга  Э.Памфиловагийн хийсэн хэвлэлийн бага хуралд оролцов.

СТК-ын даргын мэдэгдсэнээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуулийн санал хураах үйл ажиллагаа тайван болж, нийт сонгогчдын 60 гаруй хувь нь сонгуульд оролцсон байна. ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч, бие даан нэр дэвшигч В.В.Путин сонгуульд оролцсон нийт сонгогчдын 76 гаруй хувийн дэмжлэгийг авч, ерөнхийлөгчийн ажлаа ирэх 6 жилд үргэлжлүүлэн хийх нь тодорхой боллоо.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тэргүүтэй төлөөлөгчдийн ОХУ-д хийсэн ажлын айлчлал Элчин сайд Б.Дэлгэрмаагийн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулагдсанд төлөөлөгчид талархал илэрхийлэв.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.