ЭЛЧИН САЙД ТЭРГҮҮТЭЙ ДИПЛОМАТУУД ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ АЖИГЛАВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа тэргүүтэй ЭСЯ-ны дипломат ажилтнууд ОХУ-ын Сонгуулийн төв комисс /СТК/-ын урилгаар Москва дахь дипломат корпусын төлөөллүүдийн хамт тус улсын Ерөнхийлөгчийн 2018 оны сонгуулийн санал хураах үйл явцыг Москва хотын хэд хэдэн санал хураах хэсгийн хороогоор зочилж, ажиглав.

Энэ удаагийн сонгуулийг дэлхийн 100 гаруй орны 2000 гаруй төлөөлөгчөөс гадна Москва дахь гадаад орны ЭСЯ-дын 100 гаруй дипломат ажилтан ажигласан бөгөөд манай төлөөлөгчдийг санал хураах 2558 дугаар хэсэгт зочлох үеэр ОХУ-ын алдарт дуучин Валерия гэр бүлийн хамт тааралдаж, Элчин сайдын эртний андын хувиар элэгсэг дотно яриа, хөөрөө өрнүүлэв.

Элчин сайд Б.Дэлгэрмаа болон ЭСЯ-ны ажилтнууд 3 дугаар сарын 18-ны өдрийн орой санал хураах хугацаа дууссаны дараа ОХУ-ын Сонгуулийн төв комисс /СТК/-ын Мэдээллийн төвд зочилж, орон даяар санал хураалтын явцыг харуулсан дэлгэцийн нэгдсэн мэдээлэлтэй танилцан, санал хураалтын урьдчилсан дүнгийн талаар СТК-ын дарга Э.Памфиловагийн хийсэн хэвлэлийн бага хуралд оролцов.

СТК-ын даргын мэдэгдсэнээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуулийн санал хураах үйл ажиллагаа тайван болж, нийт сонгогчдын 60 гаруй хувь нь сонгуульд оролцсон байна. ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч, бие даан нэр дэвшигч В.В.Путин сонгуульд оролцсон нийт сонгогчдын 76 гаруй хувийн дэмжлэгийг авч, ерөнхийлөгчийн ажлаа ирэх 6 жилд үргэлжлүүлэн хийх нь тодорхой боллоо.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.