ЦӨМИЙН СУДАЛГААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙГ МОНГОЛ ОЮУТАН УЛААН ДИПЛОМТОЙ ТӨГСӨВ

Оросын Холбооны Улсын Обнинскийн Цөмийн судалгааны үндэсний их сургуулиас төгсөгч оюутнууддаа диплом гардуулах ёслолын арга хэмжээ 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Обнинскийн “Эрдэмтдийн ордон”-д зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд Цөмийн судалгааны үндэсний их сургуулийн захирал М.Н.Стриханов, Калуж мужийн амбан захирагч А.Д.Артамонов, “Росатом” корпорацийн Ерөнхий захирал А.Е.Лихачёв болон Турк, Вьетнам, Иордан, Замби улсын ЭСЯ, дипломат төлөөлөгчдийн газрын төлөөлөл болон хүндэт зочид оролцлоо. Дээрх арга хэмжээний хүрээнд тус сургуулийн ректор М.Н.Стриханов гадаад орнуудын ЭСЯ, ДТГ-ын төлөөллийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлэв.

А.Д.Артамонов арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ ”Калуж муж, Обнинск хот бол шинжлэх ухааны эрдэмтдийн хот юм. Та бүхэн дэлхийн анхны атомын цахилгаан станцыг байгуулсан түүхэн газар ирээд байна. Энэ хотоос ЗХУ-ын цөмийн эрчим хүчний эцэг хэмээгддэг эрдэмтэн И.В.Курчатов нарын олон эрдэмтэн төрөн гарсан төдийгүй агуу их эрдэмтэн К.Э.Циолковский сансар огторгуйг эзэмших судалгааны ажлаа энэ нутгаас эхлүүлсэн. Өнөөдөр ОХУ-ын цөмийн судалгааны хамгийн шилдэг боловсролын байгууллага маань дэлхийн олон орны тэргүүлэх зэргийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг боллоо” хэмээн онцлов.

Энэ жил тус сургуулийг ОХУ-ын 74 иргэн, Монгол Улсын 2 иргэн болон Вьетнам, Турк улсын нийт 173 оюутан төгсөж байна. ОХУ-ын “Росатом” корпораци болон Монгол Улсын цөмийн салбарын хамтарсан хэлэлцээрийн дагуух анхны цөмийн мэргэжилтний нэг Баттулгын Тэмүүжин тус сургуулийг улаан дипломтой төгсөв. Мөн Отгонбаярын Бат-Оргил “Цөмийн цахилгаан станцын зураг төсөл боловсруулалт, ашиглалт, үйл ажилллагааны  инженер” мэргэжлээр амжилттай суралцаж дипломоо гардан авлаа.

Тус сургууль 6 жилийн өмнөөс цөмийн мэргэжлээр гадаадын оюутнуудыг бэлтгэж эхэлсэн бөгөөд цөмийн эрчим хүчний чиглэлээр мэргэжилтнээ бэлтгэсэн гадаадын гуравдахь улс нь Монгол Улс болж сургуулийн хүндэтгэлийн тавцанд Монгол Улсын дурсгалын самбарыг байрлуулав.

“Росатом” корпорацийн тэргүүн А.Е. Лихачёв төгсөгчдөд хандаж хэлсэн үгэндээ” Цөмийн шинжлэх ухаан болон аж үйлдвэрийн салбар нь ОХУ болон бусад улс орнуудад хурдацтай өсөн нэмэгдэж буй чиг хандлага болж байна. Та бүхэн дэлхийн шилдэг сургуульд боловсрол эзэмшлээ, одоо мэргэжлийн үүднээс өөрийгөө бодитойгоор хөгжүүлэх боломжтой болж байна. Өнөөдөр “Росатом” нэгдэл нь дэлхийн олон оронд атомын цахилгаан станцын 33 төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд цөмийн эрчим хүчний салбарт мэргэжилтэй ажилтны эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Цөмийн судалгааны үндэсний их сургууль нь  “Росатом” корпорацийн үндсэн суурь судалгааны дээд боловсролын байгууллага юм. Тус сургууль 1942 онд байгуулагдсан цагаасаа хойш хамгийн алдартай, нэр хүнд бүхий техникийн их сургууль болсон төдийгүй оросын цөмийн боловсролын төв нь болсон байна. Өнөөдөр тус сургуульд 2800 гаруй оюутан, түүний дотор гадаадын 30 гаруй орны 498 оюутан, Монгол Улсаас 8 оюутан суралцаж байна.

Уг арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны 1 нарийн бичгийн дарга А.Амарсайхан, 3 нарийн бичгийн дарга Ж.Батсайхан нар оролцож сургалтын орчинтой танилцан тус сургуульд суралцаж байгаа монгол оюутнуудтай уулзлаа.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.