МОСКВА ХОТ ДАХЬ БНХАУ-ЫН СОЁЛЫН ТӨВД БАЯРЫН ХУРАЛ КОНЦЕРТ БОЛОВ

ОХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломат Академи, Москва хот дахь Хятадын соёлын төв хамтран Сарны тооллын шинэ жил буюу шар нохой жилийн шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд 2018 оны 02 дугаар сарын 6-ны өдөр баярын хурал, хятадын ардын хөгжмийн үдэш, шинэ жилийн уран зургийн үзэсгэлэнг зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Дипломат Академи болон ОХУ дахь гадаадын ДТГ-ын төлөөлөл, ОХУ-д ажиллаж, сурч, амьдарч байгаа хятад иргэд, гадаад дотоодын компанийн удирдлагууд оролцсоноос гадна Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ыг төлөөлж нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан оролцлоо.

Баярын хурлыг нээж БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Ли Хүэй хэлсэн үгэндээ хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд зөвхөн стратегийн түншлэлийн хүрээнд бус бүх салбарт эрчимтэй хөгжиж байгааг дурдаж, хоёр орны ард түмний нөхөрсөг харилцаа, соёлын хамтын ажиллагаа өргөжин тэлэхэд 5 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын Соёлын төвийн хувь нэмрийг онцлон тэмдэглэв.

Баярын хурлын дараа Шанхай хотын ардын хөгжлийн “Синьи” хамтлагийн бүрэн хэмжээний тоглолтыг үзэгчдэд өргөн барилаа.

“Синьи” хамтлаг шинэ жилийн холбогдолтой хятад ардын болон орчин үеийн хятад аялгууг тоглосноос гадна, “Подмосковные вечера”, “Катюша”, “Чардаш” зэрэг орос дууны хөгжмийг ардын хөгжим зэмсгээр чадварлаг тоглож үзүүллээ.

Мөн арга хэмжээний хүрээнд Хэбэй мужийн Уцзян тойргийн шинэ жилийн зургийн мастер зураач Фен Бин, Нань Фан нарын зургийн үзэсгэлэнг үзэгчдийн хүртээл болгов.

Эдгээр зургууд нь уламжлалт хятадын хэв загварыг агуулсан, хурц тод өнгө, гүн утга агуулгатай, баярын өнгө төрх, баяр бахдалыг харуулсан бүтээлүүд байлаа. Өнөөдрийн арга хэмжээнд оролцогсод Хятадын ардын хөгжмийн аялгуу, уламжлалт уран зургийн гайхамшгийг мэдэрсэн нэгэн үдшийг өнгөрөөлөө.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.