“УУЛЧДЫН 7 ХОНОГ- 2018” БАГА ХУРАЛ ЭХЛЭВ

Москвагийн Уулын Академи, Уулын их сургууль НИТУ “МИСиС” байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 2018 оны 1-дүгээр сарын 30-ны өдөр “Уулчдын 7 хоног-2018” 26 дахь удаагийн Олон улсын шинжлэх ухааны онол практикийн бага хурал эхлэв.

Уг бага хурлын нээлтийн үеэр ОХУ-ын Үндэсний Технологийн Судалгааны Их Сургуулийн Концертын их танхимд нэгдсэн хуралдаан зохион байгуулагдаж, Оросын боловсрол, шинжлэх ухааны томоохон их сургуулиудын захирал, бизнесийн төлөөллүүд, салбарын мэргэжилтнүүд, сургуулийн төгсөгчид, ОХУ-д суугаа ДТГ-ын төлөөлөгчид оролцов.

Бага хурлаар сансрын объектыг бүрэн дүүрэн ашиглах, уулын чулуулгаас ус олборлохоос эхлээд сансрын уудамд шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжийг хэвлэх 3D принтерийн үр дүнг сайжруулах гэх мэт олон сонирхолтой асуудлыг хэлэлцэнэ гэж тус сургуулийн захирал А.А. Черникова нээлтийн үгэндээ онцлон тэмдэглэв.

Өнгөрсөн жилүүдэд болсон бага хурлуудад 40 гаруй орны их, дээд сургуулийн төлөөлөл, мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хэмжээний тэргүүлэх компаниуд оролцож байсан бол 2018 онд  оролцогсдын цар хүрээ нэмэгдаж, Фрайбергийн Уулын Академийн захирал, ОХУ-ны Үндэсний технологийн судалгааны их сургуулийн хүндэт профессор Карстен Дребенштедт, Европын хойд туйлын судалгааны төвийн удирдагч, В.Журавель, “Сколково” сансрын судалгааны төвийн захирал А.Иванов, Олон улсын Эдийн засагчдын холбооны гүйцэтгэх захирал А.Красильников нарын  нэр хүнд бүхий илтгэгч нар 3 өдөр үргэжлэх энэ арга хэмжээний үеэр сонирхолтой илтгэл тавих юм.

Тус арга хэмжээний нээлтэд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан, гуравдугаар нарийн бичгийн дарга Ж.Батсайхан нар оролцлоо.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.