ГАЙДАРЫН ФОРУМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛЭВ

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг олон улсын эдийн засгийн эрдэм шинжилгээ-практикийн бага хурал – Гайдарын форум “Орос ба дэлхий: зорилго ба үнэт зүйлс” уриан дор ОХУ-ын Ерөнхийлөгчийн харьяа Оросын ардын аж ахуй, төрийн албаны академид 2018 оны 1 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн хуралд дэлхийн тэргүүлэх эдийн засагчид, эрдэмтэн судлаачид, улс төрчид, шинжээчид, төр засаг, санхүү, бизнесийн нийгэмлэгийн төлөөлөл зэрэг нийт 15,000 оролцогчид, оросын болон гадаадын 650 орчим илтгэгчид оролцож байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад оролцогчдын тоо 1,5 дахин нэмэгдсэн байна.

2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Гайдарын форумын өргөтгөсөн хуралдаан “Зорилго ба үнэт зүйлс” сэдвийн дор зохион байгуулагдав. Уг арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа урилгаар оролцов. Өргөтгөсөн хуралдаанд ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведев, Дэлхийн банкны гүйцэтгэх захирал К.Георгиева, улс төр судлаач И.Крастев, Европын улс төр судлалын төвийн ерөнхийлөгч, Европын Холбооны Зөвлөлийн анхны ерөнхийлөгч асан, Бельгийн Вант Улсын Ерөнхий сайд асан Х.В.Ромпёй, Бүгд Найрамдах Финланд Улсын Гадаад худалдаа, хөгжлийн сайд К.Мюккянен, JP Morgan Chase International компаний Удирдах зөвлөлийн дарга, Израилийн банкны дарга асан Я.Френкель нар үндсэн илтгэгчээр оролцлоо. Форумын өргөтгөсөн хуралдааныг ОХУ-ын Ерөнхийлөгчийн харьяа Оросын ардын аж ахуй, төрийн албаны академийн ректор В.А.Мау нээж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг хуралдаанд оролцогчдод танилцуулав. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Гайдарын форумын ач холбогдлыг өндрөөр үнэлж, хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн шинэ санаа, санаачилгыг бодит ажил хэрэг болгох чиглэлээр ажиллах нь зүйтэй болохыг тэмдэглэв.

Гайдарын форумын “Зорилго ба үнэт зүйлс” өргөтгөсөн хуралдааны үндсэн илтгэлийг ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведев тавив. Тэрээр “Аливаа шийдвэрийг гаргахдаа гагцхүү хүний үнэ цэнийг тэргүүн эгнээнд тавьж, үндсэн үнэт зүйл хэмээн үзэж байна. ОХУ-д аливаа хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахдаа энэхүү зарчмыг баримталж байна. Эрүүл мэнд, боловсролын системийн өөрчлөлтийг өнөөдрөөс эхэлж, энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн мэргэжлийг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Учир нь эмч, багш нар аливаа улсын ирээдүйг тодорхойлдог бүлэг юм” хэмээн онцлов. Тэрээр орчин үеийн дэвшилтэт технологийн үсрэнгүй хөгжил нь хүний үнэ цэнийг орлох боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Гайдарын форум 3 өдөр үргэлжлэх бөгөөд хэлэлцүүлгийн дүнд шинжээчид энэ онд эдийн засагт тулгарах сорилтуудын талаар таамаглал дэвшүүлж, тэдгээрийг даван туулах арга замын талаар зөвлөмж гаргах болно.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.