МЭНДЧИЛГЭЭ

ОХУ-д ажиллаж, амьдарч, сурч буй элгэн садан, эх орон нэгтнүүд ээ,

Та бүхэндээ угтан ирж буй шинэ оны мэнд дэвшүүлье!

Улиран одож буй 2017 он Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлсэн, бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлсэн, бүхий л салбарын хамтын ажиллагааны амжилтын жил боллоо. Тодотговол, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Владивосток хотноо зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад анх удаа уригдан оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч бүс нутаг, олон улсын бодлогыг тодорхойлогч ОХУ, Япон, БНСУ зэрэг дэлхийн нөлөө бүхий гүрний удирдагч нартай нэг ширээний ард зэрэгцэн сууж, тус хүндтэй индэр дээрээс бүс нутгийн хамтын ажиллагааны цаашдын хандлага, чиглэлийн талаар Монгол Улсын байр суурийг илэрхийлэв. Чуулга уулзалтын үеэр хоёр орны бизнес эрхлэгчид дугуй ширээний ард уулзан ярилцаж, монголын бараа, бүтээгдэхүүнийг хөрш болон гуравдагч зах зээлийн орнуудад сурталчлах арга хэмжээг зохион байгуулав.

Дэлхийн эдийн засаг, бизнесийн бодлогыг тодорхойлогч 14,000 гаруй төлөөлөгчид хуран чуулсан Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд хүндэт зочноор уригдан анх удаа нээлтийн арга хэмжээнд илтгэл тавив.

Өнгөрөгч буй онд хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, байгаль орчин, аялал жуулчлал, батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсролын асуудал хариуцсан Монгол Улсын төрийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар давхардсан тоогоор 31 удаа ОХУ-д ажлын айлчлал хийж, салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээ өргөжлөө.

Алсран одож буй 2017 он манай хоёр орны соёл, спортын салбарын хувьд онцлог жил боллоо. 2017 оны 5 дугаар сарын 5-нд хоёр орны түүхэнд бичигдэх нэгэн чухал үйл явдал болсон нь Орос хүн бүрийн сэтгэл зүрхэнд ариун гэгээн Москва хотын Ялалтын цэцэрлэгт хүрээлэнгийн Хүндэтгэлийн дэнж дээр “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөө сүндэрлэн бослоо. Энэхүү монголын ард түмнээс Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан оросын ард түмэнд дурсгасан хөшөө бий болсноор дайны хүнд бэрх үед анхны холбоотон нь Монгол Улс болж хагас сая агт морь, хүнс, хувцсаар фронтыг хангаж байсан түүхийг өнө мөнхөд гэрчлэх буйзаа. Тиймээс ч Ялалтын баярын өмнө болсон ёслолын арга хэмжээнд төр, засаг, олон нийтийн зүтгэлтэн, ахмад дайчид, оюутан залуучууд гээд үе үеийн төлөөлөл оролцсон төрийн чухал арга хэмжээг ЭСЯ зохион байгууллаа.

2017 оны 6 дугаар сард Москвагийн 39 дэх удаагийн олон улсын кино наадмын “non-competition” хөтөлбөрийн “Русский след” хэсэгт найруулагч Д.Баярсайхан, продюсер О.Урантуяа нарын бүтээл “Явуулын хүн” кино шалгаран оролцож, олны таашаал хүртсэн бол 2017 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Монгол киноны өдрүүд” Москва хотынхонд монголын кино урлагийн дээжисийг шимтэх боломжийг олголоо. Монголын шилдэг залуучууд Сочи хотноо зохиогдсон Дэлхийн залуучууд, оюутны XIX их наадамд оролцон дэлхийн 188 орны 25,000 гаруй шилдэг залуустай мөр зэрэгцэн эх орны дуугаа өргөв.

Европын тивийн улс орнуудад сурч буй Монголын оюутан залуучууд “Универсиад-2017” спортын IV их наадмаа Москва хотноо 2017 оны 4 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд амжилттай хийлээ.

“Монгол-Оросын  найрамдлын  57 дахь сар”-ын хүрээнд зохион байгуулагдсан Элчин сайдын нэрэмжит сагсан бөмбөг, анхны Элчин Ж.Даваа гүний нэрэмжит ширээний теннисний тэмцээнд ОХУ-д сурч буй оюутан залуучууд хүчээ үзэв. Сагсан бөмбөгийн төрлөөр хамгийн өндөр оноо авч, хувийн амжилт үзүүлсэн оюутан тамирчдын баг ЭСЯ болон УБТЗ-ын ивээн тэтгэлгээр Австри Улсад 2017 оны 10 дугаар сард зохион байгуулагдсан Европын бүсийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах ээлжит тэмцээнд амжилттай оролцлоо.

Түүнчлэн, Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 96 жилийн ой, “Монгол-Оросын  найрамдлын  57 дахь сар”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Москва хотод суралцаж буй оюутан залуучуудын “Урлагийн их  наадам” 2017 оны 12 дүгээр сарын 06-ны өдөр  ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Олон улсын харилцааны их сургуулийн Соёлын төвд боллоо. Оюутан залуучуудын хүсэл эрмэлзлэл, санаачилгаар зохион байгуулагдсан уламжлалт урлагийн их наадам нь залуусын эрч хүч, авьяас билгийг сорьсон, урлаг соёлоороо дамжуулан эх орноо сурталчилсан арга хэмжээ болов. Энэ чухал арга хэмжээг ЭСЯ, соёл урлагийг дэмжих ”Норовбанзад Сан” ивээн тэтгэв.

2018 оноос дэлхийн спортын том үйл явдал болох “Торгоны зам” олон улсын авто ралли уралдаан Монгол Улсаар дайруулан зохион байгуулахаар шийдвэрлэв. “Сел и поехал” олон улсын аялагчдын хөдөлгөөний удирдагч П.Кобяк тэргүүтэй аялагчид манай улсад “Чингис хааны жимээр” нэртэй авто аялал хийж, аяллын тухай баримтат кино, ном гаргав. Энэ бүгд манай ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр зохиогдсоныг тэмдэглэхэд таатай байна.

Дээрх арга хэмжээнүүд нь Монгол Улсыг Орос орон төдийгүй дэлхийд сурталчлах, манай улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх нь дамжиггүй юм.

Монгол Улсад маань нэн шаардлагатай геологи, уул уурхайн тандалт, олборлолт, боловсруулалт, мал аж ахуй, газар-тариалан, ойжуулалт, усжуулалтын мэргэжлээр суралцах оюутны тоог 50-иар нэмэгдүүлэх Элчин сайдын хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын үед хүлээн авч ОХУ-ын Засгийн газар шийдвэр гаргаснаар жил бүр 500 монгол оюутан тэтгэлгээр суралцах боломж нээгдлээ. Энэ баяртай шийдвэр нь Монгол Улсын боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхижуулах үйлсэд чухал алхам боллоо.

Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэдэнд эрх зүй, консулын болон нотариат, иргэний бүртгэл зэрэг төрийн үйлчилгээг 4250 хүнд чанартай үзүүлж, ажиллав.

Өнгөрч буй онд олсон амжилтаа бататгаж, Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд шинэ агуулга, бодит үр дүн авчрахын төлөө ирж буй ондоо Та бүхэнтэй мөр зэрэгцэн ажиллах болно.

Гарч буй шинэ жил хүн бүхний ерөөл биелсэн сайхан жил байх болтугай!

Элэг нэгт монголчууд Та нарын минь буян заяа, хийморь өөдрөг, айл бүрт аз жаргал, сайн сайхны ерөөл бялхаж байхыг бэлгэдэн цагаан сүүнийхээ дээжийг өргөе!

Шинэ оноо сайхан угтаарай!

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.