ӨДӨР ТУТМЫН ХЭВЛЭЛ “РОССИЙСКАЯ ГАЗЕТА”СОНИНД ОХУ-ЫН МӨРДӨН БАЙЦААХ ХОРООНЫ ДАРГА АЛЕКСАНДР БАСТРЫКИНИЙ ӨГСӨН ЯРИЛЦЛАГЫН ТАЛААР

ОХУ-ын өдөр тутмын хэвлэл “Российская газета” сонинд ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны дарга Александр Бастрыкиний хэвлэлд өгсөн ярилцлага гарчээ. Тэрбээр ярилцлагадаа: Авлигын гэмт хэрэгт 400 шүүгч, прокурор, мөрдөн байцаагч шалгагдаж байгааг дурьджээ. Төрийн алба хаагч өөрийнхөө болон төрөл садангийн хүмүүс нь гарал үүслийг нь тайлбарлаж чадахгүй байгаа эд хөрөнгийг улсын орлого болгох боломжийг манай авлигын эсрэг хууль тогтоомж олгодог гэдгийг цохон тэмдэглэжээ.

ОХУ-д дуулиан болоод жил гаруй хугацаа өнгөрч байгаа  хурандаа Захарченкогийн хэргийн тухайд 4 удаагийн үйлдлээр аж ахуй эрхлэгчдээс хахууль авч, албаны эрх мэдлээ ашигласан, далайлган сүрдүүлсэн ба ивээлдээ авсан асуудал байгаа болон шууд шан харамж авч байгаагүй ч бизнес эрхлэгчдийг тэвчишгүй нөхцөлд оруулж, өөрсдөө хахууль өгөх нөхцөлийг бий болгох замаар авч байсан гэжээ. Иймээс Захарченгкогийн эгчийнхээс нь хураан авсан мөнгө болон үнэт зүйлсийг хууль бус аргаар, хахууль авах замаар олж авсан гэж үзэж болно гэжээ. Одоогоор Захарченкогийн гэмт хэргийн хамтран оролцогчдыг олж тогтооход чиглэсэн мөрдөн байцаалтын болон гүйцэтгэх ажлын арга хэмжээнүүд үргэлжилж байгааг хэлжээ. Цааш нь Захарчекогийн эх нь мөнгөний данс бүртгэлийг хөтөлдөг байсан бөгөөд тэмдэглэлийн дэвтэрт 600 мянган еврогийн ар талд нь бага гэж тэмдэглэсэн байсан тухай дурьдсан байна.

2017 онд Мөрдөн байцаах хороонд авлигын шинжтэй гэмт хэргийн талаарх мэдээлэл 23 мянга ирсэн нь өнгөрсөн жилээс 20 орчим хувь бага байгаа. Эдгээр мэдээллийг шалгаад 14.5 мянган эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ нь ноднингийн мөн үетэй харьцуулахад 25 орчим хувиар буурсан үзүүлэлт боловч эрүүгийн хэрэг үүсгэсэн нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах шийдвэр гаргаснаас их байгааг дурьджээ. Үүний шалтгааныг тайлбарлахдаа ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба болон Дотоод хэргийн яамны гүйцэтгэх албадын үйл ажиллагааны үр дүн, чанар сайжирсан, Мөрдөн байцаах хороо бусад байгууллагатай хамтрах хамтын ажиллагаа дээшилснийг харуулж байгааг цохон тэмдэглэсэн байна.

Авлигын гэмт хэрэгт ихэнх тохиолдолд хуулийн байгууллагын болон орон нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд, боловсрол, эрүүл мэндийн, зэвсэгт хүчний салбарт ажиллагсад байгааг дурьджээ. Тухайлбал, дотоод хэргийн байгууллагын алба хаагч 845, төрийн болон орон нутгийн захиргаа, төрийн өмчит аж ахуйн нэгжийн 571, цэргийн алба хаагч, албан тушаалтан 490, өөрөө удирдах байгууллагын албан тушаалтан 529, шинжлэх ухаан, боловсролын байгууллагын албан тушаалтан 277, эрүүл мэндийн салбарын ажилтнууд 221 байгааг тус тус дурьдсан байна. Үүнээс гадна яллагдагчийн 400 нь эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх онцгой журам хэрэглэсэн прокурор, шүүгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч болон бусад байгааг дурьдаад шүүхэд эрүүгийн хэргийн 7000 орчим яллагдагч шилжсэн гэв.

Мөн зарим нэг эрүүгийн хэргийн талаар жишээ болгон ярьжээ. Тухайлбал, 2011-2014 онуудад “Платформ” төслийг хэрэгжүүлэх Оросын орчин үеийн урлагыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Седьмая студия” НХН-д гаргаж өгсөн төсвийн мөнгөнөөс 68 сая рубль завшсан асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хохирлыг барагдуулах зорилгоор яллагдагчийн Герман дахь 300 мянган еврогийн үнэтэй орон сууц, автомашин, үнэт эдлэл, 12.6 сая рубль, 5 мянган евро, 87 мянган ам.долларыг битүүмжилсэн. Хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилж байгааг дурьдав.

Ярилцлагадаа ОХУ-ын Мөрдөн байцаах хороо нь авлигын шинжтэй ихэвчлэн хээл хахууль өгсөн, авсан, ялимгүй бага зэрэг хээль хахуулийн хэрэг 3367, залилан мэхлэх зүйл ангиар 1178, завших буюу үрэгдүүлэх 599 гэмт хэрэгт тус тус мөрдөн байцаалт явуулж шүүхэд шилжсэнийг дурьдсан байна.

Владимир Бастрыкин авлигын шинжтэй гэмт хэрэгт оногдуулж байгаа ялын тухайд “ял шийтгэлийг шүүх оногдуулдаг, гэмт хэргийг шалгах явцдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх баримтуудыг цуглуулдаг, яахав “шүүх тогтолцоо хоёр нүүртэй” гэсэн шүүмжлэл байдаг. Жишээлбэл, өнгөрсөн сард Оросын ДХЯ-ны Эрүүгийн эрэн сурвалжлах ерөнхий газрын ажилтан Вадим Шавлоховт гэмт бүлэглэлийн толгойлогч Аслан Гагиевт албаны бичиг баримт дамжуулсныхаа төлөө 100 мянган ам.доллар шанд нь авсан үйлдэлд нь шүүхээс 9 жилийн хорих ял оноосон байдаг гэтэл Иваново мужийн ойн аж ахуйн  хорооны тэргүүлэгч Александр Жуков ойн салбарт үйл ажиллага явуулдаг аж ахуйн нэгжтэй ашиг сонирхлын гэрээ байгуулж яг ийм ижил мөнгөний дүн буюу 7 сая рубль хахуульд авсан учир хуулинд зааснаас доогуур хэмжээний 3 жил хорих ял оногдуулсан байгаа. Яагаад ийм байна гэсэн асуулт гарна. Учир нь яллагдагчтай шүүхийн шатны өмнө гэмт хэргийг мөрдөн шалгахад туслах зорилгоор гэрээ байгуулж хамтран ажиллахаар тохиролцоод, эрүүл мэнд, гэм буруугаа хүлээсэн зэрэг байдлуудыг нь харгалзан үзэж байгаа” талаар дурьджээ.

Мөн Мөрдөн байцаах хорооны мөрдөн байцаалт явуулсан авлигын гэмт хэргийн хохирол 10.3 тэрбум рубль байгааг дурьджээ. Мөрдөн байцаалтын шатанд 20 хувь буюу 2 тэрбум орчим рублийн хохирол нөхөн барагдуулсан тухай дурьдаад зарим нэг жишээ ярьжээ. Тухайлбал, БНКоми Улсын тэргүүн  Вячаслав Гайзер болон Владимир Торлоповын удирдлага дор ажиллаж байсан гэмт бүлэглэлийн гишүүн 14 хүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг дуусгасан. Эдгээр гэмт бүлэглэлийн гишүүд бүс нутгийн хамгийн өндөр ашигтай аж ахуйн нэгжүүдийг авах, хууль бусаар хяналт тогтоож байсан. Залилан мэхлэх үйлдлээр “Зеленецкая” шувууны үйлдвэрийн хувьцааг авсан, “хөрөнгө оруулалтыг дэмжих сангийн мөнгийг завшсан үйлдэлд буруутгагдаж байгаа ба 4.5 тэрбум рублийн хөрөнгө битүүмжилсэн байна.

Сахалин мужийн амбан захирагч асан Хорошавины хэргийг шүүх хянаж байгаа ба олон сая рублийн хээль хахууль авч, мөнгө угаасан хэрэгт буруутгагдсан хэрэгт 2 тэрбум рублийн хөрөнгө битүүмжилсэн. Мөн Киров мужийн амбан захирагч 400 мянган еврогийн хээль хахууль авсан хэрэгт буруутгагдаад байна. Хоёр орон сууц, автомашин, банкан дахь данс, нэгжлэгийн үеэр хураан авсан эртний эд зүйл, үнэтэй бэлэг дурсгал, архи, 8 сая рублийн үнэтэй цагны цуглуулга зэргийг хураан авч битүүмжилсэн. Удмуртийн амбан захирагч Александр Соловьевт холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг мөрдөж байна. 139 сая рублийн хахууль авч ашгийн төлөө байгууллагад хувь эзэмшсэн үйлдэлд буруутгагдаж байгаа. БНМарий Эл Улсын тэргүүн байсан Леонид Макаровт холбогдох хэргийг шалгаж байна. Хадам ээжийнхээ нэр дээр хууль бусаар бүртгүүлсэн 2.3 тэрбум рублийн хөрөнгө илэрсэн байгаа зэргээр хохирол нөхөн төлүүлэхэд чиглэсэн ажиллагаа чухал гэв.

Тэрбээр цааш нь ихэвчлэн төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах ажиллагаа болон барилга, орон сууцны үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хөдөлгөөн, нийгмийн халамжийн чиглэлд авлигын хэргүүд үйлдэгдэж байгааг дурьдсан байна. Ихэнх тохиолдолд барааны үнийг зохиомлоор өсгөж гэрээ байгуулах, гэрээг бие даан хэрэгжүүлэх чадамжгүй аж ахуйн нэгжүүдтэй байгуулах хэлбэрээр үйлддэг тухай ярьжээ.

Владимир Бастрыкин “Хэрэг бүртгэх байгууллага болох Дотоод хэргийн яам болон Холбооны аюулгүй албанаас ирүүлсэн материалд эрүүгийн хэрэг үүсгэх нь өнгөрсөн онтой харьцуулахад  6 хувиар өссөн ба харин төр болон орон нутгийн засаг захиргааны байгууллагаас ирүүлсэн материал, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэх явдал 16 дахин буурсан байгааг дурьдаад авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг төр, захиргааны байгууллагад сайжруулах шаардлагатайг харуулж байна” гэжээ.

Авлигатай үр дүнтэй тэмцэхийн тулд хохирол нөхөн барагдуулах нөхцөлийг хангахад чиглэсэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагтайг дурьдаад хамгийн гол нь гадаад улсаас ийм  төрлийн гэмт хэргийн замаар олсон мөнгийг эх орондоо буцаан авчрах арга хэмжээ авахыг чухал гэж цохон тэмдэглэсэн байна. Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулдаг болсон тохиолдолд амжилт гарна, шаардлагатай хуулийн өөрчлөлтийн төслийг Мөрдөн байцаах хороо бэлэн болгосон байгааг дурьджээ. Мөн нийгэмд хүлээлттэй байгаа урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй хөрөнгө хураах ялыг бий болгох хэрэгтэй гэж үзэж байгаагаа ярьжээ. Гэхдээ зөвхөн яллагдагчийн хөрөнгийг хураан аваад зогсохгүй авлигын улмаас бий болсон гэж үзвэл төрөл садан, гэр бүлийн гишүүд, хамтран амьдрагч нарын хөрөнгө, ашиг орлогыг хураан авдаг асуудлыг ч авч үзэх ёстой гэж үзжээ. Яллагдагчид өөрийн хөрөнгө, мөнгө, эд хөрөнгийг хууль ёсны гэдгийг нотлох үүргийг хуулиар хүлээлгэх ёстой гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Эрүүгийн хэрэг үүсгэсэн гэмт хэрэг, үйлдэл, бодит фактаар бус, ер нь тухайн эд хөрөнгийг хууль ёсоор олж авснаа нотолж чадахгүй бол хураан авдаг болбол үр дүнтэй гэж өөрийн санаагаа хэлжээ.

Цааш нь үргэлжлүүлээд сэжигтэн, яллагдагчийн хөрөнгийн байдлыг шуурхай тогтоож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор холбооны болон бүс нутгийн хэмжээнд үл хөдлөх хөрөнгө, зээл олгодог янз бүрийн байгууллагад нээсэн дансны талаарх мэдээллийг агуулсан мэдээллийн сантай болох нь зүйтэй тухай дурьджээ.

Мөрдөн байцаах хорооны санаачлагаар хуулинд өөрчлөлт орж хэрэв яллагдагчид хохирол төлөхөд мөнгө буюу эд зүйл дутуу буюу байхгүй бол хувийн бусад эд хөрөнгийг нь хураан авах, Эрүүгийн хуулинд заасан бусдын эд хөрөнгийг эзлэн булаах гэмт хэрэг үйлдэх /рейдерство/ эхний үе шатуудад эрүүгийн хариуцлагад татаж болох боломжтой болсон тухай дурьдсан байна.

Эх сурвалж: Российская газета.№74553

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.