АЗИЙН ОЮУТНУУДЫН “СОЁЛЫН 7 ХОНОГ” БОЛЖ БАЙНА

Оросын Холбооны Улсын Улс түмний найрамдлын их сургуулийн Азийн орнуудын Оюутны холбооноос жил тутам уламжлал ёсоор зохион байгуулдаг “Соёлын долоо хоног” 2017 оны 12 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд болж байна. Дээрх арга хэмжээний албан ёсны нээлтийн ажиллагаа энэ оны 12 дугаар сарын 12-ны өдөр болж, тус сургуулийн ректор В.М.Филиппов Азийн орнуудын ДТГ-ын төлөөллийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлэв.

В.М.Филиппов уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Соёлын долоо хоног” нь оюутан залуус өөрийн орны соёл урлаг, зан заншлыг бусад орны оюутнууд, сургуулийн хамт олонд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, бусад улсын соёл, зан заншлыг танин мэдэхэд чухал ач холбогдолтой томоохон арга хэмжээ юм. Манай сургуульд гадаадын 155 орны 8000 гаруй оюутан, түүний дотор Азийн 15 орны 1400 оюутан суралцаж байна. Азийн орнуудын Оюутны  зөвлөлүүд идэвх санаачлагатай сайн ажиллаж ирсэн. Ялангуяа Афганистан, Вьетнам, Индонез, Иран, Монгол, Камбож, Хятад, Тайланд, Шри-Ланк улсын Оюутны зөвлөлүүд идэвхтэй үйл ажиллагаа тогтмол явуулдаг” хэмээн онцлон тэмдэглэв. Монгол Улсаас тус сургуульд 98 оюутан суралцаж байна.

Уулзалтанд Азийн 10 гаруй орны Элчин сайдын яамны төлөөлөл оролцсон бөгөөд  Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх Р.Бизьяа, 3 дугаар нарийн бичгийн дарга Ж.Батсайхан нар оролцлоо.

Нээлтийн арга хэмжээний үеэр Монгол, Энэтхэг, Шри-Ланк, Вьетнам, Афганистан, Бангладеш, Лаос, БНСУ, Непал Улсын  оюутнууд үндэснийхээ ахуй соёл, онцлогийг харуулсан гар урлалын бүтээлээр үзэсгэлэн гаргасныг сургуулийн удирдлага, зочид болон бусад орноос суралцагч оюутнууд үзэж сонирхов.

“Соёлын долоо хоног”-ийг 1997 оноос уламжлал болгон жил тутам зохион байгуулж ирсэн байна. Энэ удаад “Азийн орнуудын соёл, уламжлал, асуудал, чиг хандлага” сэдэвт дугуй ширээний ярилцлага, үндэсний соёл, урлагийн бүтээлийн үзэсгэлэн, спортын уралдаан тэмцээн, оюутны  урлагийн тоглолт зохион байгуулж, Азийн ард түмнүүдийн түүх, соёл, зан заншлыг харуулсан баримтат кино үзүүлэх зэрэг арга хэмжээ зохиогдох бөгөөд 12 дугаар сарын 15-ны өдөр болох баярын концертоор “Соёлын долоо хоног” өндөрлөх юм.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.