ОХУ-ЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ЦЭРГИЙН АКАДЕМИЙН 185 ЖИЛИЙН, ОХУ-ЫН ОБЯ-НЫ ИРГЭНИЙН ХАМГААЛАЛТЫН АКАДЕМИЙН 25 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНҮҮД БОЛЛОО

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн академийн 185 жилийн ойг тэмдэглэх баярын арга хэмжээ тус академийн байранд боллоо.

Энэхүү баярын арга хэмжээнд ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын сайдын нэгдүгээр орлогч, армийн генерал В.Герасимов тэргүүтэй бусад салбарын төлөөлөгчдөөс гадна тус академийн үе үеийн удирдлага оролцсон юм. ЗХЖШ-ын дарга, армийн генерал В.Герасимов баяр хүргэсэн үгэндээ “Энэхүү баярт өдөр нь Сири Улс дахь Исламын Улс террорист бүлэглэлийг бүрэн устгасан үйл явдалтай давхцаж байна. Тус байлдааны ажиллагаанд манай Зэвсэгт хүчин оросын цэргийн уламжлалыг харуулахын зэрэгцээ тэдгээрийн гавъяа, ялалтыг залгамжлагч гэдгээ батлан харууллаа… Цаашид арми, флотын байлдааны чадамжийг нэмэгдүүлэхэд Сири Улсад олж авсан туршлагыг нэвтрүүлэх шаардлагатай. Энэ ажилд ОХУ-ын Жанжин штабын цэргийн академи голлох үүргийг гүйцэтгэх ёстой” гэж онцлон тэмдэглэсэн юм.

Тус баярын арга хэмжээнд БНХАУ, БНСУ, Беларусь Улс, Армени Улс, Казахстан Улс, Мали Улс, Тажикистан Улс, Серби Улс, Гондурас Улсын цэргийн атташе нар болон Монгол Улсын ЭСЯ-наас Цэргийн атташе, бригадын генерал Г.Энхбаатар оролцов.

Баярын хурлын дараа ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн академийн захирал, хурандаа генерал В.Зарудницкийд баяр хүргэж дурсгалын зүйлсийг гардуулан өгөв. Мөн энэ үеэр Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалах их сургууль, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн академи хоорондын хамтын ажиллагааны гэрээнийн нэг хувийг ёслол төгөлдөр гардуулан өгөв.

2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ОХУ-ын ОБЯ-ны Иргэний хамгаалалтын академийн 25 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо. Тус баярын арга хэмжээнд ОХУ-ын ОБЯ-ны сайд В.Пучков тэргүүтэй ОБЯ-ны удирдлага, академийн үе үеийн удирдлага оролцсон юм. Баярын арга хэмжээний үеэр академийн 232 сонсогч байрлах шинэ дотуур байрны нээлтийн арга хэмжээ болсон бөгөөд тус арга хэмжээнд Цэргийн атташе, бригадын генерал Г.Энхбаатар оролцов.

Баярын арга хэмжээний үеэр Цэргийн атташе, бригадын генерал Г.Энхбаатар ОХУ-ын ОБЯ-ны Иргэний хамгаалалтын академийн захирал, хошууч генерал В.Панченковт баяр хүргэж дурсгалын зүйлсийг гардууллаа.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.