ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ “ЕВРАЗИЙН ТЭЭВЭР, ЛОГИСТИК – ШИНЭ БОЛОМЖУУД” СЭДЭВТ ХУРАЛДААНД ИЛТГЭЛ ТАВИВ

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ 2017 оны 12 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Москва хотноо зохиогдсон “Тээврийн долоо хоног – 2017” олон улсын арга хэмжээнд оролцох үеэр “Евразийн тээвэр, логистик – шинэ боломжууд” сэдэвт өргөтгөсөн хуралдаанд 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр оролцож, бүс нутгийн тээврийг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын баримталж буй бодлогын талаар илтгэл тавив. Өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Элчин сайдын яамны ажилтнууд оролцов.

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ илтгэлдээ Ази-Европыг холбосон хамгийн дөт авто зам, төмөр замын шугам дамжин өнгөрдөг Монгол Улсын нутаг дэвсгэрээр БНХАУ-ОХУ болон Ази-Европ хоорондын ачаа тээврийн урсгалыг нэвтрүүлэх таатай орчин бүрдүүлэх, бүс нутгийн логистикийн сүлжээнд идэвхтэй оролцох бодлогыг Монгол Улс баримталж байгааг мэдээлж, энэ бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”- т тусгагдсан дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, тухайлбал, Монгол Улсад шинэ төмөр замын сүлжээ барих, авто замын сүлжээг өргөжүүлэх, олон улсын нисэх онгоцны буудал, бүс нутгийн тээвэр, логистикийн төв шинээр барих зэрэг бүтээн байгуулалтын томоохон ажлыг эхлэхээр төлөвлөж байгааг танилцуулав.

Уг өргөтгөсөн хуралдаанд Бүгд Найрамдах Латви Улсын Тээврийн сайд Улдис Аугулис, Бүгд Найрамдах Киргиз Улсын Тээврийн сайд Жамшитбек Калилов, БНХАУ-ын Тээврийн орлогч сайд Дэй Дунчан, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд А.Панкин, ОХУ-ын Тээврийн орлогч сайд А.Лушников, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Алимов, Евразийн эдийн засгийн комиссын Эрчим хүч, тээврийн сайд А.Жунусов, Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Хахм Хонгжу, НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын Тогтвортой тээврийн хэлтсийн захирал Нисслер Вальтер, “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхийлөгчийн тэргүүн орлогч А.Мишарин нар бүс нутгийн тээврийн салбарыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар илтгэл тавьж оролцов.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.