ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ТӨРИЙН ДУМЫН ОРДОНД ОЛОН УЛСЫН ЭКОЛОГИЙН «ECO WORD» ШАГНАЛ ГАРДУУЛАХ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

Арваннэгдүгээр сарын 30-ны өдөр ОХУ-ын Төрийн Думын ордонд Олон улсын экологийн “EcoWorld” шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ болов.

Тус арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч, Байгаль орчин, зам тээвийн асуудал хариуцсан дарга Иванов Сергей Борисович, Төрийн Думын орлогч дарга Ольга Викторовна Tимофеевна, олон Улсын экологийн “EcoWorld” шагналын ТУЗ-ын дарга, Төрийн Думын олон улсын харилцааны хорооны гишүүн, доктор, профессор Елена Владимировна Панина, ОХУ-ын ШУА-ийн байгалийн шинжлэх ухааны ерөнхийлөгч, ШУА-ийн байгалийн  шинжлэх ухааны Тэргүүлэгчдийн дарга, доктор, профессор Олег Леонидович Кузнецов  болон  ОХУ-д суугаа Элчин сайдын яамд, ОХУ-ын болон гадаадын эрдэм шинжилгээ, байгаль орчны байгууллагуудын эрдэмтэд, төлөөлөгчид оролцлоо.

Үндэсний байгаль орчны шагналыг “Эко мир” нэртэйгээр 2003 оноос хойш олгож ирсэн бөгөөд  2017 оноос Олон улсын хэмжээнд “EcoWorld” нэртэйгээр шалгаруулалт явуулдаг болсон байна.

2017 онд энэхүү өрсөлдөөнт шалгаруулалтанд АНУ, Герман, БНХАУ, Азербайжан,  Монгол,  Грек,  Вьетнам зэрэг 25 улс, ОХУ-ын Башкортостан, Буриад, Халимаг, Koми, Moрдав, Татарстан, Tyва, Алтай, Астрахань, Волгоград зэрэг 39 бүс нутгаас оролцсон байна.

Шүүгчдийн бүрэлдэхүүнээс байгаль орчны боловсрол,  байгаль орчны бодлого-хүрээлэн буй орчин, боловсрол, соёл-байгаль орчны хөгжилд, байгалийн нөөцийг нэмэгдүүлэх, хаягдалгүй технологи, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн-хоол хүнс гэсэн 6 төрөлд шалгаруулалтыг явууллаа.

Монгол Улсын «Хустайн нурууны байгалийн үндэсний цогцолбор газар»  нь  байгалийн тогтоцыг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх төрөлд нэр дэвшин 2 дугаар байранд  шалгарч тусгай диплом, Хүндэт тэмдгээр шагнууллаа.

Тус арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдыг төлөөлж ЭСЯ-ны 3 дугаар нарийн бичгийн дарга Ж.Батсайхан оролцов.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.