МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНД ОРОЛЦОВ

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын Засгийн газрын тэргүүн нарын Зөвлөлийн ээлжит 16 дугаар хуралдаан Сочи хотноо 2017 оны 11 дүгээр сарын 31-нээс 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдав. Зөвлөгөөнд ШХАБ-ын гишүүд орнууд – БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян, Казахстаны Ерөнхий сайд Б.А.Сагинтаев, Киргизийн Ерөнхий сайд Сапар Джумакадырович Исаков, ОХУ-ын Засгийн газрын Тэргүүн Д.А.Медведев, Узбекистаны Ерөнхий сайд Абдулла Нигматович Арипов, Пакистаны Ерөнхий сайд Шахид Хакан Аббаси, Тажикистаны Ерөнхий сайд Кохир Расулзода,  Энэтхэгийн Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Сварадж,   ажиглагч орнууд – Афганистаны Гүйцэтгэх засгийн тэргүүн Абдулла Абдулла, Беларусь Улсын Ерөнхий сайд А.В.Кобяков, Ираны Тэргүүн дэд Ерөнхийлөгч  Эсхаг Джахангири нар оролцов.

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг төлөөлөн Шадар сайд Ө.Энхтүвшин оролцсон бөгөөд түүнийг ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нарын төлөөлөгчид дагалдав.

ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын Зөвлөлийн ээлжит 16 дугаар хуралдааныг ОХУ-ын Засгийн газрын Тэргүүн Д.А.Медведев даргалав. ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын Тэргүүн нарын Зөвлөл шинэ гишүүн Пакистан, Энэтхэг улсын Ерөнхий сайд нарыг халуун дотноор бүрэлдэхүүндээ хүлээн авав. ОХУ-ын Засгийн газрын Тэргүүн Д.А.Медведев “ШХАБ-д Пакистан, Энэтхэг улс элсэн орсноор тус байгууллагын гишүүн орнууд хоорондын хамтын ажиллагааны боломж өргөжиж байна” гэж онцлон тэмдэглэв.

Өргөтгөсөн хуралдаанаар ШХАБ-ын гишүүн орнуудын худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх төлөв, авах арга хэмжээ, худалдаа, эдийн засгийн олон талт хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн явц, 2017-2021 онд ШХАБ-ын хүрээнд төслийн үйл ажиллагааг цаашид хөгжүүлэх арга хэмжээ, төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх санхүүжилтийн механизм, Бизнесийн зөвлөл болон Банкнуудын холбооны 2016-2017 оны үйл ажиллагаа, ШХАБ-ын 2018 оны төсөв, ШХАБ-ын байнгын ажиллагаатай байгууллагуудын санхүү, зохион байгуулалтын үйл ажиллагааны тайлан зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэв.

“Бид байр сууриа солилцохдоо ажиглагч улс орнууд, яриа хэлэлцээний түншүүд болоэ олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагыг онцлон тэмдэглэсэн” хэмээн ОХУ-ын Засгийн газрын Тэргүүн Д.А.Медведев өргөтгөсөн хуралдааны үеэр хэлэв. “ОХУ-ын ШХАБ-ын гишүүн орнуудтай хийж буй худалдааны нийт эргэлт энэ оны эцэс гэхэд 80 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна” гэж тэрээр мөн тэмдэглэв. ШХАБ-ын гишүүн орнуудын тээвэр, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа идэвхжиж байгааг тэрээр онцлоод олон улсын авто зам, төмөр зам, агаарын тээвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, эдийн засгийн хөгжлийн хүчин чармайлтад бизнесийн нийгэмлэгийг татан оролцуулах, гишүүн орнуудын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тухайлбал, ШХАБ-ын гишүүн орнуудын бүс нутгийн удирдлагын чуулга уулзалтыг зохион байгуулах саналыг дэвшүүлэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин  ШХАБ-ын гишүүн орнуудын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, төслийн олон талт хамтын ажиллагаа ялангуяа, дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлын ач холбогдлыг онцлон тэмдэглэж, эдгээр чиглэлд манай улс ажиглагч орны хувьд идэвхтэй хамтран ажиллах эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв.

ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын Тэргүүн нарын Зөвлөлийн 2018 оны хуралдааныг Тажикистан улсад зохион байгуулахаар тохиролцов. Хуралдааны төгсгөлд ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын Тэргүүнүүд ШХАБ-ын төсвийг бүрдүүлэх болон хэрэгжүүлэх гэрээ, холбогдох бусад шийдвэрийн баримт бичигт зуран хамтарсан мэдэгдэл гаргав.

ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын Тэргүүн нарын Зөвлөлийн хуралдааны үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин БНБеларусь улсын Ерөнхий сайд А.В. Кобяковтой уулзан хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохын сацуу Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах манай талын саналыг дэмжин Евразийн эдийн засгийн комисст өөрийн байр сууриа албан ёсоор илэрхийлэхийг хүсэв.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.