“ОРОСЫН ТҮЛШ-ЭРЧИМ ХҮЧНИЙ ЦОГЦОЛБОР: ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ БА ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА” НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛОВ

2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр “Эрчим хүчний үр ашиг, тус салбарын хөгжлийн асуудлаарх олон улсын форум”-ын хүрээнд “Оросын түлш-эрчим хүчний цогцолбор: Үндэсний эрх ашиг ба дэлхийн чиг хандлага” сэдэвт нэгдсэн хуралдаан болов.

Хуралдааны удирдагчаар CNBC телевизийн хөтлөгч Жефф Катмор ажиллаж, хуралдаанд ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новак, Саудын Арабын Хаант Улсын Эрчим хүч, аж үйлдвэрлэл, ашигт малтмалын нөөцийн сайд, Saudi Aramco компаний захирлуудын зөвлөлийн дарга Халид А. аль-Фалих, “Газпромнефть” НХН-ийн удирдах дарга, ерөнхий захирал А.В.Дюков, IHS Markit-ийн дэд дарга Даниел Ергин, “Росатом” улсын корпорацийн ерөнхий захирал А.Е.Лихачёв, Forum Corporation-ийн Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Пекка Лундмарк, “НОВАТЭК” НХН-ийн удирдах дарга, захирлуудын зөвлөлийн гишүүн Л.В.Михельсон нар оролцов.

Хуралдаанд оролцогчид “Газрын тосны олборлолтыг хязгаарлах тухай” Хэлэлцээрийг 2018 оны 3 дугаар сар хүртэл сунгасантай холбогдуулан дэлхийн газрын тосны зах зээлд гарч болзошгүй үнийн савалгаа, богино болон урт хугацааны үр дагаврын талаар байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн хуралдаанаар байгалийн хий, нүүрс, сэргээгдэх эрчим хүч, түүний дотор, ус, салхи, цөмийн эрчим хүчний 2040 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцов.

Хуралдааны үеэр хөндөгдсөн нэг чухал сэдэв нь занарын олборлолтын асуудал байв. Хуралдаанд оролцогчид занарын олборлолтын салбарыг ирээдүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн боловч ойрын 25 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт занарын олборлолтын эзлэх хувь өөрчлөгдөхгүй гэсэн таамаглалыг дэвшүүлэв.

Эрчим хүчний салбарын нэн чухал асуудлуудыг хөндсөн, тус салбарын бодлогыг тодорхойлогч дэлхийн тэргүүлэх тоглогч нарыг хамруулсан “Оросын түлш-эрчим хүчний цогцолбор: Үндэсний эрх ашиг ба дэлхийн чиг хандлага” сэдэвт нэгдсэн хуралдаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа, тус ЭСЯ-ны эрчим хүчний асуудал хариуцсан III нарийн бичгийн дарга Ц.Баттөр нар оролцов.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.