“ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШИГ, ТУС САЛБАРЫН ХӨГЖЛИЙН АСУУДЛААРХ ОЛОН УЛСЫН ФОРУМ” ЭХЭЛЛЭЭ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрчим хүчний яам, “Росконгресс” хамтран 2017 оны 10 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд Москва, Санкт-Петербург хотноо “Эрчим хүчний үр ашиг, тус салбарын хөгжлийн асуудлаарх олон улсын форум”-ыг “Оросын эрчим хүчний долоо хоног” сэдвийн дор анх удаа зохион байгуулж байна.

Уг форумын үндсэн зорилго нь Оросын түлш, эрчим хүчний цогцолборын хөгжлийг олон нийтэд танилцуулах, эрчим хүчний салбар дахь олон улсын хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн ашиглахад оршиж байна.

Холбооны болон бүс нутгийн засаг захиргаа, үндэсний болон гадаадын аж ахуйн нэгж, шинжлэх ухаан, судалгааны нийгэмлэг, залуучууд, сэтгүүлчид, Европ, Ази, Латин Америк, Австрали тивийн 70 гаруй орны төлөөлөгчдөөс бүрдсэн 8 мянга орчим хүн “Оросын эрчим хүчний долоо хоног” арга хэмжээнд оролцож байна.

“Эрчим хүчний үр ашиг, тус салбарын хөгжлийн асуудлаарх олон улсын форум”-ын анхдугаар форумын “Дэлхийн өсөлтийн эрч хүч” сэдэвт нэгдсэн хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр болов. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин форумын нэгдсэн хуралдааныг нээж үг хэлсний зэрэгцээ нээлтийн дараах хэлэлцүүлэгт оролцож, газрын тос, байгалийн хий, нүүрс, газрын тос-химийн үйлвэрлэлийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй бэрхшээл, тэдгээрийг даван туулах арга зам, хэтийн чиг хандлагын талаар байр сууриа илэрхийлэв. Форумын нэгдсэн хуралдаанд Байгалийн хий экспортлогч орнуудын форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Сейед Мохаммад Хуссейн Адели, Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Аднан Амин, Газрын тос экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммед Баркиндо нар үг хэлж, хэлэлцүүлэгт оролцов. Хуралдааныг удирдагчаар Bloomberg-ийн Эрчим хүч, олон улсын бизнес, санхүү хариуцсан гүйцэтгэх редактор Жон Фрайер ажиллав.

Нефть, байгалийн хий олборлолт болон цөмийн, сэргээгдэх эрчим хүчний зэрэг дэлхийн 400 гаруй компани, улс төр, эдийн засгийн төлөөлөл оролцсон тус Форумд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа “Эрчим хүчний үр ашиг, тус салбарын хөгжлийн асуудлаарх олон улсын форум”-ын анхдугаар форумын нэгдсэн хуралдаанд оролцож, манай хойд хөрш ОХУ-аас Ази, Номхон далайн бүс нутагт баримталж буй эрчим хүчний бодлого, байр суурийн талаар мэдээлэл авав.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.