ДОРНО ДАХИНЫ МУЗЕЙД ОКТЯБРИЙН ХУВЬСГАЛЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО

ОХУ-ын Дорно дахины музейд Агуу их Октябрийн хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан нээсэн «Рулевые революции» үзэсгэлэнг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Ч.Баттөмөр, Соёл, урлаг, хүмүүнлэгийн харилцааны асуудал хариуцсан зөвлөх Р.Бизьяа нар тус музейн урилгаар 8 дугаар сарын 25-ны өдөр үзэж сонирхов. Дорно дахины музейн орлогч захирал хатагтай Т.Х.Метакса, Шинжлэх ухааны ахлах ажилтан, “Төв Азийн урлагийн бүтээлүүд” сангийн ажилтан Нонна Альфонса, Үзэсгэлэн, байнгын үзмэрийн хэлтсийн дарга  Альбина Легостаева нар ЭСЯ-ны төлөөллийг хүлээн авч, үзмэрүүдтэй танилцуулав.

Дэлхийн түүхийн энэ чухал үеийг Дорнын ард түмнүүдийн урлагийн бүтээлээр дамжуулан харахыг Оросын олон нийтэд санал болгох зорилгоор энэхүү үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Зөвлөлт, Хятад, Вьетнам, Монголын зураачид, уран бүтээлчдийн Октябрийн хувьсгалын сэдэвтэй холбоотой 100 гаруй уран зураг, хайчилбар, зурагт хуудас, гар хатгамал, гар хивс, ваар сав бусад эд зүйлийг сонирхуулан  тавьжээ.

«Рулевые революции»  үзэсгэлэнгийн эхний танхимд В.И.Ленин, И.В.Сталин, Мао Зэдун, Хо Ши Мин, Х.Чойбалсан зэрэг улс төр, нийгмийн зүтгэлтнүүдийн хөрөг, удаах танхимд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан БНУлсууд болон БНХАУ-ын ухуулга, сурталчилгааны зурагт хуудсууд,  3 – 4 дэх танхимд Хятадын сийлбэр, цаасан хайчилбар, Азербайжан, Армян зэрэг улсын гар хатгамал, гар хивс зэрэг нийт 100 гаруй сонирхолтой үзмэрийг үзэгчдэд дэлгэн толилуулжээ.  Эдгээр урлагийн бүтээл нь тухайн улс орны төр засаг, нийгэм, олон нийт Октябрийн хувьсгалын үзэл суртлыг хэрхэн хүлээн авч, түгээн дэлгэрүүлсэн түүхийг харуулсан  бөгөөд тэдгээр үзмэрийн дийлэнхийг сүүлийн 10 жилд анх удаагаа олон нийтэд танилцуулж байгаа  аж.

Дээрх үзэсгэлэнгийн танхимд манай улсын Октябрийн хувьсгалын дараах түүхэн хөгжлийн үед бүтээгдсэн бөгөөд үзэсгэлэнгийн сэдэвтэй хамаарал бүхий зарим уран бүтээлүүд,  тухайлбал, 1951 онд бүтээгдсэн “Х.Чойбалсангийн хатгамал хөрөг”, зураач Д.Маньбадрын бүтээл “Город и деревня” (1948 он), “Портрет молодого Чойбалсана” (1950 он), зураач Д.Амгалангийн бүтээл “Благопожелание сыну” (1967он) зэрэг бүтээлийг толилуулсан байна.

Монголчуудын хувьд өөр нэгэн сонирхолтой үзмэр нь Эрхүүгийн санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш И.Г.Старичковд 60 насных нь ойг тохиолдуулан монгол оюутнуудаас 1958 онд дурсгасан бичвэр бүхий, Д.Сүхбаатарын хөрөгтэй монгол ваар байв.

Дорно дахины музейгээс 2015 онд  эрхлэн гаргасан “Искусство Центральной Азии” товхимолд дурдсанаас харахад тус музейн сан хөмрөгт дээрх бүтээлүүдээс гадна манай улсын ХVIII-XX зууны үеийн уран баримал, зураг, уран хатгамал, шашны эдлэл хэрэглэл зэрэг 800 гаруй урлагийн бүтээл байдаг болно.

2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.