ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ Б.ДЭЛГЭРМАА «ТРИ ФЕСТИВАЛЯ» ҮЗЭСГЭЛЭНГ ҮЗЭЖ СОНИРХЛОО

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд хатагтай Б.Дэлгэрмаа 8 дугаар сарын 30-ны өдөр Москва хотын музейд зочилж, Москва хотноо 1957, 1985 онд болсон Дэлхийн залуучууд, оюутны VI, XII их наадам болон Сочи хотод энэ оны 10 дугаар сард болох XIX их наадамд зориулж зохион байгуулсан «Три фестиваля» үзэсгэлэнг Их наадмын Зохион байгуулах хорооны урилгаар үзэж сонирхов.

Элчин сайд Б.Дэлгэрмаа энэ өдрийн арга хэмжээнд гэр бүл, хүүхдийнхээ хамт Хүндэт зочноор уригдан оролцож, Дэлхийн залуучууд, оюутны VI их наадмын Алтан медальт, өөрийн ээж хатагтай Н.Норовбанзадын тухай болон Монгол ардын уртын дууны талаар танилцуулсан нь арга хэмжээнд оролцогчдын сонирхлыг татав.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзад гуай 1957 онд 18 настай залуу уран сайханч байхдаа Москва хотод болсон Дэлхийн залуучууд, оюутны VI их наадамд эх орноо төлөөлөн оролцож, монгол ардын уртын дуугаар  их наадмын Алтан медалийг Монголын түүхэнд анх удаа хүртэж байсан юм. Элчин сайд Б.Дэлгэрмаа энэхүү Алтан медалийн гэрчилгээний зураг болон “Уртын дууны хатан хаан” номыг Их наадмын Зохион байгуулах хороонд дурсгав.

Түүнчлэн “Россия 24” телевизийн сувгаас бэлтгэж буй Дэлхийн залуучууд, оюутны VI, XII, XIX  их наадмын тухай баримтат киноны зураг авалтад  зориулж  болон Дэлхийн залуучууд, оюутны XIX их наадмын Зохион байгуулах хорооны хэвлэлийн албаны төлөөлөгчид ярилцлага өгсөн бөгөөд ярилцлага www.russia2017.com/posts  хаягт нийтлэгдсэн болно.

Энэ өдөр «Три фестиваля» үзэсгэлэнд хувийн цуглуулгаасаа ирүүлсэн хүмүүс үзмэрүүдээ танилцуулах арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд оролцогчдын дунд VI, XII их наадамд оролцсон хүмүүс болон, тэдний үр хүүхдүүд, үзмэрт тавьсан эд зүйсийг хийж бүтээсэн зохиогчид, цөөнгүй байлаа.

Үзэсгэлэнгийн танхимд их наадмын архивын гэрэл зураг, тэмдэг, ил захидлаас эхлээд, ахуйн хэрэглээний эд зүйлс, наадамд оролцогчдын хувцас, техник хэрэгсэл, тухайн үеийн автомашиныг ч байрлуулсан байв. Дурсгалын тэмдгийн цуглуулгад тухайн үед их наадамд зориулан гаргасан монгол тэмдгүүд байсан нь түүхэн сонирхолтой үзмэр байв.

Москва хотын музейн дарга Алина Сапрыкинагийн мэдэгдсэнээр энэхүү үзэсгэлэнгийн танхимд тус музейн санд хадгалагдаж буй 2000 гаруй үзмэрээс гадна XIX их наадмын Зохион байгуулах хороотой хамтран зохион байгуулсан «Народный музей фестиваля» хөдөлгөөний хүрээнд оросын олон нийтээс ирүүлсэн төрөл бүрийн үзмэрийг дэлгэн толилуулж байгаа ажээ.

2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.