ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ЯРИЛЦАВ

Монгол Улсын Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддорж ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд А.Б.Яновскийтай ОХУ-ын Эрчим хүчний яамны уулзалтын танхимд 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр уулзав. Уулзалтад монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа, ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын дэд захирал С.Ганхуяг, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ий гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу, оросын талаас ОХУ-ын ЭХЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Р.А.Маршавин, тус газрын хэлтсийн дарга А.В.Смурыгина, хэлтсийн орлогч дарга К.А.Абрамов, “Русгидро” НХН-ийн Ерөнхий захирлын I орлогч Д.И.Рижинашвили, “ВЭК” НХН-ийн Ерөнхий захирал М.В.Шашмурин, “Интер РАО” НХН-ийн Хятад, Монголтой хийх худалдаа хариуцсан дарга А.В.Закаблук, “СО ЕЭС” ХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга С.А.Пувлушко, “Евросибэнерго” НХН-ийн Хөгжлийн газрын төсөл хариуцсан дарга Д.А.Меньшиков зэрэг удирдах ажилтнууд оролцов.

Талууд “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцож, үзэглэсэн нь энэ удаагийн уулзалтын гол үр дүн болов. Уг хэлэлцээрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2017 оны 9 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд ОХУ-д хийх ажлын айлчлалын үеэр байгуулахаар тохиролцож, баримт бичгийн дотоод процедурыг ойрын хугацаанд гүйцэлдүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн, талууд 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Москва хотноо зохиогдсон “Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн гурван талт уулзалтын үр дүнг сайшааж, цахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчлэх төслийг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр Санамж бичигт тусгасныг бодит ажил хэрэг болгох нь чухал гэдэгт санал нэгдэв.

Элчин сайд Б.Дэлгэрмаа хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр байгуулах Ерөнхий хэлэлцээрийн төслийн дотоод процедурыг гүйцэлдүүлж, гарын үсэг зурахад бэлэн болгох чиглэлээр Оросын ЭХЯ-тай нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Уулзалт ажил хэрэгч, найрсаг уур амьсгалд өрнөж, хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцсон чухал арга хэмжээ болов.

2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.