ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД И.Н.МОРГУЛОВТОЙ УУЛЗАВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.Н.Моргуловтой тус яамны байранд уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд ОХУ-д хийх ажлын айлчлал болон Дорнын эдийн засгийн форумд оролцох бэлтгэлийн талаар дэлгэрэнгүй ярилцав.

Уулзалтад монголын талаас тус ЭСЯ-ны зөвлөх С.Золжаргал, хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Тамир, гуравдугаар нарийн бичгийн дарга Э.Мөнхбаяр, оросын талаас тус улсын ГХЯ-ны Азийн нэгдүгээр газрын захирал А.Б.Кулик, ГХЯ-ны Азийн нэгдүгээр газрын хэлтсийн дарга Р.И.Журавлёв нар байлцав.

Уулзалтын үеэр талууд ирэх өдрүүдэд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Москва хотод, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.Н.Моргулов Улаанбаатар хотод ажиллах гэж байгаатай холбогдуулан хоёр орны харилцааны зарим асуудал, шийдвэрлэгдээгүй байгаа зарим асуудлын явц, тэдгээрийг шийдвэрлэх арга зам болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хөтөлбөр, айлчлалын үеэр хэлэлцэх асуудал, байгуулах баримт бичгийн талаар санал солилцов. Түүнчлэн айлчлалын үеэр Владивосток хотноо Дорнын Эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан монголын аж ахуйн нэгжүүдийн гаргах үзэсгэлэн, Монгол-Оросын Бизнес форумын бэлтгэл ажлын талаар ярилцав.

2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.